ОУВС-тай холбоотойгоор форумыг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.11-нд нийтлэгдсэн

ОУВС-тай холбоотойгоор форумыг хойшлуулжээ

Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн хавар эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулдаг. Уламжлалт энэхүү чуулган өнгөрсөн гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд болох ёстой байсан ч хойшлуулж, тавдугаар сарын 18, 19-нд зохион байгуулахаар болж, бэлтгэл хангаад явж байсан ч дахин хойшлуулсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр /2017.05.11/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Монголын эдийн засгийн форум-2017” чуулганыг ирэх зургадугаар сарын сүүл долдугаар сарын эхээр зохион байгуулахаар болж, дахин тов тогтоосон аж.

Шалтгаан нь Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан/ОУВС/-гийн хөтөлбөрт хамрагдахаар болж, 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулсан. Гэвч УИХ-аас баталсан 29 дүгээр тогтоолын 11 дэх заалттай холбоотойгоор тус тогтоолд дахин өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Энэ асуудлыг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэсэн.

Засгийн газрын хувьд тавдугаар сарын 12-ны өдрийн ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаанаас Монголын хүсэлтийг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байсан ч тавдугаар сарын 24 болж хойшлогдсон аж. Эдийн засгийн форумыг дээрх хөтөлбөрт хамрагдсаны дараа зохион байгуулах шаардлага үүсэж буй учраас ирэх зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр товлох нь зөв гэж үзжээ.

Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь уу гэдгийг мөн анхааралтай ажиглаж буй юм байна. Үүнийг дагаж ирэх жилүүдэд Монгол Улсад бизнес эрхлэх үү, яах вэ гэдэг шийдлүүд ч гарч ирэх болж байгаа аж.

Мөн Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байгаатай холбоотойгоор зургадугаар сард улстөржилт үүсэх эрсдэлтэй, нөгөө талаар тус форумыг илүү өгөөжтэй, үр дүнтэй болгох гэдэг шаардлагаар сонгуулийн дараа хийх нь илүү оновчой гэж үзсэний үндсэн дээрх тэрхүү товыг тогтоожээ.

Эдийн засгийн чуулганаар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн төлөв байдал, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хийж байгаа алхмууд, макро орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг өргөн хүрээнд ярилцах аж.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

-ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурал яагаад хойшилсон юм бол?

-Бид бүхэн ОУВС-тай хөтөлбөрийнхөө хүрээнд асуудлаа тохирч, төсвийн тодотголоо хийсэн. Дөрөвдүгээр сарын 21 гэсэн товтой, хүлээлттэй байсан ч УИХ-ын тогтоолтой холбооотойгоор хойшилж, УИХ тогтоолд өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн.

Бидний хүлээлт бол тавдугаар сарын 12-н гэж хүлээж байсан ч албан ёсны захирлуудын зөвлөлийн хурал тавдугаар сарын 24-н гэж тов гарсан байна.

-Засгийн газрын хуралдаанаар өчигдөр зээлийн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Юунд зарцуулах зээл вэ?

-Энэтхэг улсаас хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох 1 тэрбум ам.долларын зээлтэй холбоотой асуудал байгаа. Юу, Юунд зарцуулах вэ гэдгийг ерөнхийд нь хэлэлцээд Сангийн сайдад хэлэлцээ хийх эрхийг өгсөн.

Хоёр дахь гол шийдвэрлэсэн асуудал нь иргэдийн явган аялалтай холбоотой. Иргэд Богд уул руу явган аялал их хийдэг болсон. Авто машины зогсоол, дугуйн зогсоол байдаггүйгээс айлын гадаа авто машин, дугуйгаа тавиад алхдаг нөхцөл үүссэн. Тийм учраас Богд уулын тодорхой газарт авто машин, дугуйн зогсоол байгуулах шийдвэр гаргасан байгаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж