Биеэ үнэлж олсон мөнгийг Бао авдаг байжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.15-нд нийтлэгдсэн

Биеэ үнэлж олсон мөнгийг Бао авдаг байжээ

Биеэ үнэлж олсон мөнгийг Бао авдаг байжээ

Сүүлийн үед гадаадад өндөр цалинтай ажилд оруулж өгнө, амьдралд нь туслалцаа үзүүлнэ гэх нэрээр охид бүсгүйчүүдийг хуурч мэхлэн, Эрээн, Бээжин зэрэг газруудад аваачиж биеийг нь үнэлэх зэргээр хүний наймаатай холбоотой хэргүүд нэмэгдэж буйг “Хүйсийн тэгш эрхийн төв” болон хууль, цагдаагийн газраас сэрэмжлүүлдэг. Тэгвэл саяхан Эрээнд суугаа Монголын консулын газар бэлгийн мөлжлөгт өртөж байсан гэх бүсгүйн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Эрээнд зорчиж явсан Монгол Улсын иргэн Батбаяр 2017 тавдугаар сарын 12-ний өдөр Эрээн дэх Консулын газарт хандаж, бэлгийн мөлжлөгт өртөж байсан гэх Монгол Улсын иргэн А-гийн /нэрийг нь өөрчлөв/ талаар дуулгасан байна.

А бүсгүйг дагуулж ирэхдээ Батбаяр “Миний бие 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод “Монгол караоке” гэх газар хоёр найзын хамт сууж байхад хоёр монгол бүсгүй нэг хятад залуутай хамт дуулж байгаад гарсан. Гарахдаа манай нэг найзтай утасны дугаараа солилцсон. Улмаар шөнийн 4.00 цагийн орчимд тэр хоёр бүсгүй манай буудалд ирсэн. “А” бүсгүй бидэнд хандаж, “Энд надад үнэхээр хэцүү байна. Миний бичиг баримтыг Бао гэдэг өвөрмонгол хүн аваад өгөхгүй, намайг биеэ үнэлж мөнгө олж, өрөө төлснийхөө дараа бичиг баримтаа ав гэж дарамталдаг. Би энд дөрвөн сар биеэ үнэлж байна. Надад ямар ч мөнгө өгдөггүй. Биеэ үнэлж олсон мөнгийг Бао болон түүний эхнэр авдаг. Би энд үнэхээр зовж байна. Ахаа надад туслаач” гэж гуйсан. Хүний наймаатай холбоотой ийм хэргийг зөвхөн киноноос л харж байсан болохоор надад сонин санагдсан. Охины ярихыг сонсоод маш их өрөвдсөн. Тиймээс түүнийг Эрээн хотын Консулын газар дагуулж ирсэн” гэжээ. Тэрбээр бүсгүйн асуудлыг манай консулынхан түргэн шуурхай шийдэж өгсөнд баярлаж, талархсанаа ч илэрхийлжээ.

Ингээд охид, бүсгүйчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс Эрээн хот дахь Консулын газрын ажилтан, хохирогч “А” нарын хооронд болсон товч яриаг хүргэе.

К/консул/: 2016 оны есдүгээр сарын 14-нд Эрээн боомтоор орж ирээд, 10 сарын 13-нд эргэж гарсан байна. Тэр өдөртөө буцаад Эрээнд ороод ирээд арваннэгдүгээр сарын 12-нд буцсан байна. Энэ хагас сарын хугацаанд та Бао гэгч хүний дарамтанд байсан уу?

А: Тийм.

К: Дараа нь 2017 оны нэгдүгээр сарын 12-нд ирээд, тэрнээс хойш дөрвөн удаа хугацаагаа тулгаж хилээр гарч штамп даруулаад, энэ сарын 8-нд Эрээнд ирсэн байна. Өнөөдөр тавдугаар сарын 12. Энэ хугацаанд юу хийж байсан тухайгаа ярихгүй юу?

А: Хойд эцэг маань намайг оролдоод байдаг болохоор би гэрээсээ зугтаж хотод ирсэн. Мөн ээж маань “Чи надаас төрөөгүй. Зайл” гэдэг байсан. Иймээс гэрээсээ гараад долоо, найман сар болж байна. Ээж маань айлын мал малладаг. Би ээждээ тусалдаг байсан.

К: Эрээнд байх хугацаандаа Баотой холбоотой байсан уу?

А: Тийм. Намайг арваннэгдүгээр сард буцахад тэр 300 юань өгсөн. Хоол ундыг нь цаанаас өгдөг. Хувцас хунар бас авч өгнө. Тэрийгээ “ажил” хийж олсон мөнгөнөөс суутгадаг байсан. Намайг Эрээнд анх авчирсан Амарзаяа эгч “ажил” хийгээд мөнгө олбол над руу явуулаарай гээд манай эзэнд хэлсэн байсан. Эзэн түүнд 3000, 4000 юань гээд зөндөө мөнгө явуулсан гэсэн. “Амарзаяа чамайг 2000 юаниар зарсан. Чи ажлаа хийнэ үү, байна уу өөрөө мэд” гэдэг байсан.

К: Амарзаяа чамайг энэ жил дахин дагуулж ирсэн үү?

А: Үгүй. Өөр хүн, 27-28 орчим насны эмэгтэй дагуулж ирсэн.

К: Эрээнд ирэхээс өмнө Монголд иймэрхүү төрлийн ажил хийж байсан уу?

А: Үгүй. Гуанзанд угаагч хийж байсан. Амарзаяаг сайн мэддэггүй байсан. Би гадуур тэнэж, өвөл орцонд хонодог байсан. Амарзаяа намайг анх хараад өрөвдсөн гэсэн. Гэртээ аваачаад гоё хувцас хунар авч өгсөн. Тэгээд “Чи Эрээнд очоод ийм, ийм ажил хийнэ. Хөөрхөн юм чинь мөнгө олно” гэсэн.

К: Амарзаяа чамайг Эрээнд авчрахаас өмнө ийм, тийм ажил хийнэ гээд юу хийх тухай чинь ойлголт өгчихсөн байсан юм байна, тийм үү?

А: Өгсөн. Монголд хэцүү байсан юм чинь яваад үзье гэж шийдсэн. Хоногийн 300-800 юаниар явдаг байсан. Мөнгийг нь лаобан /босс гэсэн утгатай хэллэг/ нар нь авдаг. Заримдаа 500-аар явбал 300-г өөрт нь өгөөд, өөрсдөө 200 авдаг байсан. Заримдаа “группт ордог” байсан. Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй. Ихэнх нь өвөрмонголчууд. Монголчуудтайгаа заримдаа.

К: Нэгдүгээр сард ирснээсээ хойш гар дээрээ хэдэн юань авсан бэ?

А: Найз залуу руугаа 300, 500 юань явуулсан. Монголд байгаа хүмүүст мөнгө өгөхгүй гэсэн чинь “Чамд тусалсан юм чинь өгөхгүй байж болохгүй” гэсэн. Амарзаяа тэр мөнгийг авдаг байсан. Өдөрт олсон мөнгөө жижиг дэвтэр дээр бичсэн байсан. Сая орхиод гараад иржээ. Би дунджаар долоо хоногт 3500 юань олдог байсан. Миний өөрийн мөрөөдөл бол өөрийн гэсэн хашаа, байшинтай болох байсан. Мөнгө олох л гэж наашаа ирсэн.

А бүсгүйн асуудлаар Эрээн хотын Консулын газраас шуурхай арга хэмжээ авч Хүйсийн тэгш эрхийн төв, Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэстэй холбогдож, буцах зардал болон бусад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Улмаар өвөрмонгол эзэн Бао гэгчтэй нь ярьж, А-гийн паспортыг буцааж авчээ. Бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон А бүсгүйг Замын-Үүдэд хүргэж, тус сумын Цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгсөн байна.

Хүний наймаа, бэлгийн мөлжлөг гэж бодитойгоор оршиж буйг холбогдох газрууд нь сануулсаар байгаа юм.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж