Зика вирусын улмаас тогтоосон онц байдлыг цуцлав

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Зика вирусын улмаас тогтоосон онц байдлыг цуцлав

Шумуулны хатгалтаас үүдэн зика вирусээр халдварладаг өвчний тархалт намжсан тул 2015 онд зарласан Онц байдлаа цуцалсан тухай Бразилийн Засгийн газар мэдээллээ. Өнгөрсөн 2016 онтой харьцуулахад шинэ халдварын тохиолдол 95 хувиар буурсан хэмээн Бразилийн Эрүүл мэндийн яамны төлөөлөгч хэлсэн байна.

Халдвар өнгөрсөн 2016 онд ил тархаж байсан юм. Эрүүл мэндийн яамны мэдээгээр 2016 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд халдварын 170 мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ оны мөн хугацаанд 8000 тохиолдол бүртгэгджээ.

Хэдийгээр онц байдлыг цуцалсан ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсээр байх ажээ. Тухайлбал, шумуул устгах ажил үргэлжлэх юм.

Халдвар тахлын хэмжээнд хүрсэн учраас Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага Бразилийг дэлхий нийтэд аюултай орны тоонд оруулж байсан юм. Уг халдвар зөвхөн Бразилд биш Латин Америкийн бусад оронд ч тархсан юм. Гэхдээ хамгийн их халдвар бүртгэгдсэн нь Бразил.

Зика вирусыг анх Бразилийн Баия мужид 2015 онд бүртгэсэн. Халдвар авсан хүний 80 хувьд нь шинж тэмдэг илэрдэггүй нь оношлоход ихээхэн хүндрэл учруулсан. Хамгийн ноцтой ийм халдвар авсан жирэмсэн эхчүүдээс төрсөн хүүхдүүдийн гавлын хэмжээ ердийн хүүхдийнхээс бага, ялангуяа духны хэсэг төрдөг байна. Микроцефалиин синдром гэж нэрлэсэн энэ онош нь яваандаа хүүхдийн тархины хөгжилд нөлөөлж, оюуны хомсдолтой болох магадлалтай юм.

Бразилийн Засгийн газрын мэдээгээр зикагаар халдварлах магадлал өндөртэй бүс нутагт 2.2 сая хүн оршин сууж байгаа юм.

Одоогоор урьдчилан сэргийлэх вакцин гараагүй.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж