Чансааны зэрэг тогтоодог Standard & Poor"s агентлаг өнгөрсөн баасан гаригт АНУ-ын зээлийн зэрэглэлийг ААА ангиллаас АА+ ангилал руу буулгасан нь гал дээр тос нэмээд байгаа билээ. Standard & Poor"s-ийн хамгийн дээд ангилал нь гурван А юм. Гурван А буюу ААА ангилалд АНУ, Их Британи, Франц, Герман, Канад, Австрали багтаж байснаас АНУ ийнхүү доод ангилал руу шилжлээ. АА+ ангилалд одоо АНУ-гаас гадна Бельги, Шинэ Зеланд багтаж байна. Харин АА ангилалд Япон, Хятад байгаа юм.
Евро бүсийн өрийн хямрал Итали, Испани руу халдварлаж магалгүй байгаа нь эдийн засагчдын сэтгэлийг ихээхэн зовоож байна. Японы төлөөлөгчийн Ройтер агентлагт өгсөн мэдээллээр цагийн зөрөөний улмаас Даваа гаригт эхэлж нээгдэх Азийн биржүүдийн индексийн хэлбэлзлээс ихээхэн зүйл хамаарах аж.
Өнөөдөр Европын төв банк нэгэн онцгой уулзалт хийх бөгөөд энэ уулзалтаар хямралд нэрвэгдэх нь тодорхой байгаа Италийн өрийг худалдаж авах эсэх асуудлыг хэлэлцэх юм. Энэ уулзалтын шийдвэр ч мөн цаашдын үйл явцад ихээхэн нөлөөлөх юм.