АНУ-ын дэд Ерөнхийлөгч ганц хоноод явна

Хуучирсан мэдээ: 2011.08.07-нд нийтлэгдсэн

АНУ-ын дэд Ерөнхийлөгч ганц хоноод явна

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байден энэ наймдугаар сарын 16-наас БНХАУ, Монгол Улс, Японд айлчлах талаар Цагаан ордны хэвлэл, мэдээллийн сайтад өнгөрсөн баасан гаригт дурдсан билээ. БНХАУ-ын дэд дарга Ши Жинпиний урилгаар тус улсад хийх айлчлал түүний хувьд хамгийн гол зорилго нь  аж.  Тэрбээр БНХАУ-ын дарга Ху Жинтао, дэд дарга Ши Жинпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао нартай уулзаж, цэргийн салбар, бүс нутаг, дэлхийн хэмжээний асуудлуудаар ярилцаад Хятадын баруун өмнөд дэх Ченду хотод айлчлах төлөвлөгөөтэй.

Ноён Ж.Байден энэ сарын 19-ний үед Улаанбаатарт ирж нэг хоноод Японыг зорих  бололтой. Монголын ардчиллын өнөөгийн байдал, эдийн засгийн өсөлттэй танилцаад Японд айлчилж цунамийн хор уршиг, цөмийн станцын аюулыг хэрхэн арилгаж буйтай танилцах юм.

Ноён Ж.Байдены айлчлалтай холбогдуулан АНУ-ын томоохон албаныхны Монголд хийж байсан айлчлалуудас дурдвал тус улсын дэд Ерөнхийлөгч Хенри А.Уэллес 1944 оны долдугаар сарын эхээр Монголд айлчилж байжээ. Тэрбээр дэлхийн II дайны галын дундуур Монголд ирээд “Хэдийгээр ЗХУ-ын нөлөөн дор байгаа ч монголчууд өөрийн гэсэн бодолтой, эрэмгий, биеэ даасан, төр, засгийн удирдлага нь залуу хүмүүсийн гарт байгаа улс юм байна” гэсэн дүгнэлттэй буцаж байжээ. Гэрийн хаяанд хөхүүртэй айраг шуугисныг “тагнах төхөөрөмж” хэмээн айж хоносныг эс тооцвол тэрбээр Монголд ирсэндээ тааламжтай сэтгэгдэлтэй буцсан байдаг.

Монгол Улс АНУ-тай 1987 оны нэгдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон. Ирэх жил 25 жилийн ой нь тохиох юм.

Монголд ардчилал ялсан жил 1990 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Бейкер, 1997 онд Төрийн нарийн бичгийн дарга хатагтай М.Олбрайт, хожим нь Х.Клинтон айлчлан ирж байсан. Мөн 2005 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч бага Ж.Буш, төрийн нарийн бичгийн дарга К.Райс нар айлчлан ирж байв.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж