ОХУ-ын баатар, төрийн нэрт зүтгэлтэн, генерал Сергей Шойгу нь 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл ОХУ-ын Онцгой Байдлын алба болон Батлан Хамгаалах Яамыг удирдаж байгаа билээ. Тэрбээр улс төрийн бүхий л хямралын үед албан тушаал дээрээ олон жил тогтож буй цор ганц удирдагч ажээ. Түүнийг Оросын ард түмэн “Эх орны хүү” хэмээн нэрлэдэг.
Сергей Кужугетович Шойгу нь 1955 оны тавдугаар сарын 21-нд Тувагийн Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улсын Чадан хотод төржээ. Тэр Тувад өсөж торнисон. Түүний эцэг Кужугет Серээевич нь “Шын” (Үнэн) орон нутгийн сонины редактораар ажиллаж байгаад хожим нь Тувагийн сайд нарын зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг хашиж байсан. Тэрбээр тухайн үед Свердловск мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Борис Ельцинтэй дотно танилууд байв. Харин ээж Александра Яковлевна Кудрявцева нь мал аж ахуйн мэргэжилтэн орос эмэгтэй байжээ. Хожим нь тэрбээр олон жил Тувагийн хөдөө аж ахуйн төлөвлөлтийн газрыг удирдаж явсан нэгэн.
Энэ гэр бүлийн төрөлх овог бол Кужугет. Кужугет бол Тува үндэстний эртний овог ажээ. Харин Шойгу бол эцгийнх нь нэр байсан. 1944 онд Тува ЗХУ-д нэгдэх үед иргэдийн паспортын шинэчилсэн бүртгэл хийгдэж байв. Энэ үед бүртгэлийн хэлтсийн ажилтан Кужугет хэмээх овгийг андууран Шойгу хэмээн бүртгэн авчээ. Улмаар ирээдүйн батлан хамгаалахын сайдын овог Шойгу болсон түүхтэй.
Сергей Шойгу хүүхэд байхдаа бусад хүүхдээс ялгаагүй сахилгагүй, дунд сурлагатан байсан гэдэг. Тэр ачааны том машины жолооч болоод холын хол явахыг мөрөөддөг байжээ. Дунд сургуулийн зургаадугаар ангид байхдаа зуны амралтаараа Ленинградаас ирсэн археологийн судалгааны багт ажиллаж, нүүдэлчин ард түмний түүхийг эрдэмтдээс дэлгэрэнгүй сонсож байсан гэдэг.
Сергей Шойгу 1972 онд дунд сургуулиа төгсөж, Красноярскийн политехникийн дээд сургууль элсэн орсон. Тэр дээд сургуулийн нэгдүгээр курст байхдаа эхнэр Иринатайгаа танилцжээ. Ирээдүйн гэргий болох Ирина тухайн үед намын том даргын охин байсан гэдэг. Сургуулиа төгсмөгцөө Сергей Шойгу барилгын салбарт 15 жил ажиллажээ.
1980-аад оны сүүлээр Сергей Шойгу намын ажилд өөрийн хүчээ сорихоор шийдэв. Улмаар 1988-1989 онд тэр Абакан намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн албан тушаалыг хашиж байсан. Харин дараа жил нь Красноярскийн намын хорооны байцаагчийн албан тушаалыг хашиж байлаа.
1990 онд Шойгу Москва дахь намын ажилд томилогдов. Тэрбээр маш хурдан олны анхааралд өртсөн юм. Улмаар ЗСБНХУ-ын улсын хорооны барилга архитектурын орлогч даргаар томилогдов. Шинэ ажил нь хэт их бичиг цаастай холбоотой байсан нь түүнд уйтгартай сонирхолгүй санагджээ. Улмаар Сергей Красноярск руу буцахаар шийджээ. Гэвч энэ үед түүнд ОХУ-ын аврагчдын корпусыг удирдах шинэ ажил санал болгов. Шойгу идэвхтэй, эрч хүчтэй ажил хийхийг мөрөөдөж байсан тул шууд зөвшөөрчээ. Энэ мөчийг хүртэл Шойгу нэг албан тушаал дээр нэг л жил ажилладаг нэгэн байв. Түүний чадварыг Оросын өндөр дээд албан тушаалтнууд өндрөөр үнэлдэг байв. Түүн шиг өөрийн чадвар, авьяас, зүрх сэтгэлээрээ маш хурдан өндөрлөгт хүрсэн нэгэн үгүй ажээ.
Шойгу ажлаа авсан эхний сараас эхлэн аврагчдын шуурхай байдал, ажлын үр дүнг дээшлүүлэхийн тул Орос улс даяар авран хамгаалах тасаг байгуулах шийдвэр гаргажээ. 1991 онд аврагчдын корпус нь “Онцгой байдлын улсын хороо” болон шинэчлэгдсэн юм. Мөн энэ хороонд иргэний хамгаалалтын цэргүүдийг шилжүүлэн өгчээ. 1994 онд Онцгой байдлын улсын хороо нь шинэчлэгдэж, иргэнийн хамгаалалт, онцгой байдал болон байгалийн гамшгийн дараах халамжийн асуудал хариуцсан ОХУ-ын яам болов. Тус яаманд Чернобылийн улсын хороо болон усан доорх онцгой ажлыг зохион байгуулах хорооны үүргийг шилжүүлж өгсөн ажээ.
Өнөөдөр ОХУ-ын Онцгой байдлын яам нь Орос улсын бүх бүс нутгаар эрэн хайх, авран хамгаалах үүрэг, иргэний хамгаалалтын академи, аврагчдыг бэлтгэх төв, эрдэм шинжилгээний хүрээлэн, онцгой байдлыг урьдчилан таамаглах, мониторинг судалгааны төв болон өргөжин хөгжжээ.
1995 онд Сергей Шойгу улс төрд хүчээ сорихоор шийдэж, Виктор Черномырдины удирдаж байсан “Бидний гэр – Орос” нэгтгэлд оров. 2000 онд Сергей Шойгу “Эв нэгдэл” улс төрийн намыг удирдах болсон. Хожим нь энэ намын бүрэлдэхүүнд Минтимер Шаймиевын “Бүх Орос улс” болон Юрий Лужковын “Эх орон” нам элсэн орсон түүхтэй. Улмаар “Эв нэгдэл” нам шинэчлэгдэн “Нэгдсэн Орос улс” (Единая Россия) хэмээх нэртэй болжээ.
Шойгу ОХУ-ын өмнө байгуулсан гавьяаны нэг бол тэр нэг зүрх сэтгэлтэй баг бүрдүүлж чадсан явдал юм. Иймээс ОХУ-ын Онцгой байдлын албаны хамт олон өнөөдрийг хүртэл хамтдаа нэг зорилгын төлөө ажиллаж, энэ салбарыг хөгжүүлж байна. Түүний эрх мэдэлд хэн ч маргалддаггүй. Тэр өөрийн байр суурь, нэр хүндээ Москвагийн яамны чимээгүй нэг өрөөнд болон байгалийн гамшиг дундаас олж авсан билээ. Сергей Шойгу онцгой байдлын албаны ажилтнуудтай үргэлж хамт байдаг гэнэ. Сэтгүүлчид түүнээс та өөрийн хүмүүстээ итгэдэггүй юм уу? Яагаад тэдэнтэй үргэлж хамт гал дунд явж байдаг юм вэ гэж асууж байсан удаатай. Сэтгүүлчдийн энэ асуулт Шойгуд байнга ирдэг байсан тул тэрбээр нэг удаа миний гаргасан шийдвэр зөв байсан уу үгүй юу гэдгийг өөр дээрээ шалгаж явна гэсэн хариулт өгсөн ажээ.
2012 онд тэрбээр “Нэгдсэн Орос улс” намаас Москва мужийн захирагчийн албан тушаалд нэр дэвшиж, олонхын саналаар Москва мужийн захирагч болсон. Удалгүй ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев түүнийг Батлан хамгаалахын сайдын албан тушаалд санал болгосноор тэрбээр өнөөдрийг хүртэл ОХУ-ын Батлан Хамгаалах яамыг удирдаж байна.
Шинэ албан тушаалд томилогдсон даруйдаа Сергей Шойгу Арктикийн зэвсэгт хүчнийг бий болгосон. Тэрбээр тус улсын зэвсэгт хүчний салбарт маш олон шинэчлэл хийж байна. 2014 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Крымийн хойгт оросын цэргийн объектыг хамгаалахад онцгой хүчин чармайлт гаргасан гэж Батлан хамгаалах яамны ажлыг өндрөөр үнэлжээ. Сергей Шойгу 2015-2016 онд Сири дэх цэргийн үйл ажиллагааны үеэр Оросын зэвсэгт хүчний сүр хүчийг дэлхийн дахинд бататган харуулсан юм. 2015 онд ОХУ-ын арми дэлхийн хамгийн хүчирхэг армийн хоёрт жагсжээ.
ХУВИЙН АМЬДРАЛ
Сергей Шойгу хувийн амьдралынхаа тухай сэтгүүлчдэд ярилцлага өгөх дуртай нэгэн биш. Тэрбээр гэргийтэйгээ Красноярскийн политехникийн дээд сургуулийн нэгдүгээр курст байхдаа танилцаж байсан. Тэд тавдугаар курст байхдаа гэрлэлтээ баталгаажуулсан гэдэг. Түүний гэргийг Ирина Антипина гэдэг. Тэрбээр нөхрийнхөө сүүдэр дор нуугдаад байдаг нэгэн биш. Ирина ОХУ-ын аялал жуулчлалын салбарт амжилттай яваа хатагтай. Тэрбээр “Экспо-ЭМ” аялал жуулчлалын компанийг удирддаг. Тус компаниар ОХУ-ын Онцгой Байдлын алба байнга үйлчлүүлдэг ажээ. Үүнээс гадна Ирина Шойгу Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн сургуулийн “Спортын салбарын дээд сургууль” факультетын деканаар ажиллаж байна.
ОХУ-ын Батлан Хамгаалахын сайдын гэр бүл Юлия, Ксения гэсэн хоёр охинтой. Сергей Шойгугийн том охин Юлия Оросын Онцгой Байдлын яамны сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээний албыг удирдаж байна. Харин бага охин Ксения Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн эдийн засгийн факультетийг төгсжээ. Тэрбээр “Наранд зүдрэгсэд-2” кинонд сувилагчийн дүрийг бүтээжээ.
Хувийн амьдралаа олон нийтэд дэлгээд байдаггүй Сергей Шойгу өөрийнхөө амьдралын хэв маягийн талаар ярих дуртай нэгэн гэнэ. Тэрбээр өглөөний цайндаа тараг, овьёос иддэг бол орой бүр тогтсон 21 цагт унтахыг хичээдэг гэнэ. Гэхдээ энэ нь заримдаа мэргэжлийнхэн онцлогоос шалтгаалаад оройтох тохиолдол ч байдаг ажээ. Шойгу амттай махан хоол, улаан винонд дуртай гэнэ. Хэдийгээр мэргэжлийн онцлогоос шалтгаалан гэр бүлийнхээ хамт удаан хугацаагаар амралтад явж чаддаггүй ч боломж гарвал төрөлх нутагтаа очиж морь унаж, загас барих дуртай ажээ. Сергей Шойгу гадаад аяллыг таашаадаггүй голдуу Орос улсад амрах дуртай нэгэн.
Түүний гэр бүлийн орлогыг Forbes сэтгүүл 83,02 сая рубль гэж тогтоосон байдаг.
Холбоотой мэдээ