АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай өнөөдөр /2017.05.10/ уулзана гэдгийг Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч нотоллоо хэмээн ВВС мэдээллээ.
Уулзалт Цагаан ордны Зуйван танхимд болох бөгөөд уулзалтад нэг ч сэтгүүлчийг оруулахгүй ажээ.
Энэ оны нэгдүгээр сарын 20-нд үүрэгт ажилдаа орсноос хойш Трамп анх удаа Оросын гадаад бодлогын тэргүүнтэй уулзах гэж байгаа нь энэ юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москвад АНУ-ын гадаад бодлогын тэргүүн Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг хүлээн авч уулзсан юм.
Сергей Лавров тавдугаар сарын 9-нд Вашингтонд очсон бөгөөд түүний айлчлал 11-нийг дуустал үргэлжилнэ.
Айлчлалынхаа үеэр Сергей Лавров Рекс Тиллерсонтай уулзаж Сири болоод Украины асуудлаар ярилцах юм.
А.ТУЛГА