МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөө гудамжинд жагсч, өлсгөлөн зарлаж төрийн түшээ болсон З.Баянсэлэнгэ эрдэм номын мөр хөөгөөд улс төрөөс хол байгаа гэдгээ хэлж байсан.
Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр жагсаал, цуглааныг З.Баянсэлэнгэ тэргүүтэй МАХН-ынхан үргэлжлүүлэх нь ээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд намын даргыг бүртгэхгүй байна хэмээн өнөөдөр өдөржин намын гишүүдийн хамт Сонгуулийн ерөнхий хорооны үүдийг сахив. Үүгээр тэмцэл нь дуусахгүй бололтой, намын даргыг бүртгээгүй нөхцөлд тэмцлийн хурц хэлбэрт шилжин, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдээд байна.
2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө З.Баянсэлэнгэ намын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна гэсэн шаардлага тавин жагсаж, өлсгөлөн зарлаж байсан удаатай. Нам нь түүний энэ тэмцлийг нь үнэлж, УИХ-д нэр дэвших эрх олгосон.
2012-2016 оны парламентын гишүүнээр ажиллахдаа УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга, Барилга хот байгуулалтын сайд гэсэн албан тушаалуудад ээлжлэн хүрч, “мандаж” явлаа.
Харин 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсанаар дахин жагсаал, цуглаандаа орж, олон нийтийн сүлжээнд “тэмцэгч З.Баянсэлэнгэ гудамжиндаа эргэн ирлээ” гэх хошигнол ч дагаж байна.
Ш.ОЧ