Ялагдашгүй мөнхийн хороо

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Ялагдашгүй мөнхийн хороо

Аугаа их эх орны дайн дууссаны 72 жилийн ойг Улаан-Үд хотын оршин суугчид болон зочин гийчид Ялалтын парад, “Мөнхийн хороо” нэртэй өргөн олны жагсаал хийж тэмдэглэв. ОХУ-ын БН Буриад Улсын нийслэл Улаан-Үд бол Монгол улсын нийслэл Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хоттой ах дүү бололцсон хот. Тиймээс  Монголын иргэд ч баяр ёслолын арга хэмжээнд оролцсонд гайхах явдалгүй билээ.

Зөвлөлүүдийн талбайд уламжлалт парад, Ялалтын дурсгалын цогцолборын дэргэд цуглаан болсны зэрэгцээ хотын оршин суугчид болон зочин гийчид  цэрэг эрийн амтат будаа зооглож, дайны жилүүдийн хөгжимд бүжиглэсэн юм. Үүнээс гадна Буриадын нийслэлд “огцом”  өргөлтөөр 16 кг-ийн туухайг 26 298 удаа өргөн, “Ялалтын дээд амжилт” тогтоосон нь 1945 оны тавдугаар сарын  9-нөөс 2017 оны тавдугаар сарын 9-нийг хүртэлх дайны дараах тайван өдрийн тоотой тэнцүү юм. Дээд амжилт  тогтооход таван дэвжээний 15 тамирчин оролцож, ээлж дараалан ур чадвараа үзүүлж байв.  Уг арга хэмжээнд мэргэжлийн тамирчдаас гадна, хүссэн хүмүүс оролцсон юм.

Тавдугаар сарын 9-ний цэлмэг, нарлаг сайхан өдөр Улаан-Үд хотын 20 мянга гаруй оршин суугч фашизмын эсрэг тэмцэлд амь насаа зориулсан ойр дотнын хүмүүсийнхээ гэрэл зургийг барин, “Ялалтыг мөнхлөсөн хороо” арга хэмжээнд оролцон, хотын гудамжаар явж өнгөрөв.

Энэ арга хэмжээ үүссэн үүх түүх сонин юм. Улам л цөөрсөөр байгаа ахмад дайчид Ялалтын өдрийн жагсаалд оролцох бага болж байгааг 2011 онд Томск хотын сэтгүүлчид анзаарч, шударга ёсыг сэргээн,  эх орны эрх чөлөөг өмгөөлөн хамгаалсан баатрууд  гэрэл зургаас ч гэсэн баяр ёслолыг үзэж харах ёстой гэж үзсэн байна. Тийнхүү хүмүүс амь үрэгдэгсдийн дурсгалын цогцолборт төрөл төрөгсдийнхөө гэрэл зургийг барин ирдэг байсан бүр Зөвлөлтийн үеийн уламжлалыг үндэс болгожээ.  2012 оны тавдугаар сарын 9 нь уг хөдөлгөөн өнөөгийн хэлбэрээрээ үүссэн өдөр болсон бөгөөд тэгэхэд Аугаа их эх орны дайнд тулалдаж явсан төрөл төрөгсдийнхөө зургийг барьсан хотын оршин суугчид жагсан явсан юм. “Үхэлгүй мөнхийн хороо” нэртэй болсон уг арга хэмжээнд зургаан мянга гаруй хүн оролцож, дайнд оролцогчдын хоёр мянга гаруй хөрөг зургийг авч явсан байна.

Бүс нутгийн болон холбооны улсын хэмжээний олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд энэ тухай өргөн мэдээлж байсан нь энэ санаачилгын нэр хүндийг эрс өсгөжээ. 2012 оны тавдугаар сараас хойш олон хот ийм арга хэмжээ зохион байгуулахыг дэмжсэн. Улмаар ОХУ-ын 15 хот ийм арга хэмжээг зохион байгуулахыг хүсч байгаагаа  2012 оны арванхоёрдугаар сард илэрхийлжээ. 2013 оны хоёрдугаар сар ОХУ-аас гадна Украин, Казахстан, Израиль улс нэгдсэн байна. 2014 онд хотын тоо 500 болж, тэр жил “Ялалтыг мөнхөлсөн хороо” арга хэмжээ дэлхийн долоон орны 500 хотод болжээ. 2015 онд уг арга хэмжээ дэлхийн 17 орны 1150 сууринд, 2016 онд 42 оронд зохиогдсон байна. Өрнөдийн зарим удирдагчийн санаархаж байгаачлан, түүхийг дахин бичих явдал гаргуулахгүй байх нь чухал гэдгийг “Ялалтыг мөнхөлсөн хорооны” олон улсын арга хэмжээнд оролцогчид дурдаж байсан юм Учир нь, тэдний ойр дотнын хүмүүс нийт хүн төрөлхтөний тусын тулд байлдаж байсан, тиймээс тэдэнд хүндэтгэлтэйгээр хандаж, хамгийн сайн сайхнаар дурсах учиртай юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2015 оноос Ялалтын өдөр “Ялалтыг мөнхөлсөн хороо” ажиллагаанд оролцож байгаа юм. Фронтод байлдаж явсан эцгийнхээ хөргийг барьсан төрийн тэргүүн олон мянган хүний цуваа Улаан талбайд дөхөж ирэх үед жагсаалд нэгдэн нийлжээ. Төрийн тэргүүн Улаан талбайгаар явж өнгөрөх үедээ сэтгүүлчидтэй ярилцахдаа “Энэ санаачилга нь албан тасалгаанд биш, захиргааны байгууллагад биш харин манай хүн ардын зүрх сэтгэлийн гүнээс гарсанд түүний үнэ цэнэ оршиж байна” гэж хэлсэн билээ.

Ялалтын өдрийг Монгол улсад мөн өргөн тэмдэглэдэг юм. Чөлөөнд гарсан хурандаа, “Улаан од” сонины ерөнхий эрхлэгч Г.Нямдорж энэ тухай ярихдаа “Тавдугаар сарын 9-нийг Монгол улсад мөн Ялалтын баяр болгон тэмдэглэдэг юм.  Энэ өдөр  Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор болон  маршал Г.К. Жуковын хөшөөнд уламжлал ёсоор цэцэг өргөж, Офицеруудын ордонд цэргийн дуу, бүжгийн чуулгынхан оролцсон баярын концерт тоглож,  Цэргийн их сургуульд сонсогчид ахмад дайчидтай уулзалт зохион байгуулж, телевизийн бүх сувгаар Ялалтын өдөрт зориулсан нэвтрүүлэг явуулдаг. Бид энэ аймшигт дайны жинхэнэ баатруудын тухай түүхэн үнэнийг хадгалж үлдэх ёстой” гэсэн юм.

Эдүгээ энх амгалан, амар жимэр нөхцөлд аж төрж байгаа өнөөгийн хүмүүс  дайны жилүүдийн эрэлхэг баатруудад талархлаа илэрхийлж байх нь тэдний дурсгалыг хүндэтгэх цорын ганц эрхэм зүйл мөн бизээ.  Дайчин цэрэг С.Равдангийн зээ хүү Р.Баяр өвөөгөө халуун дотно, хүндэтгэлтэйгээр дурсахдаа “Миний бие Ялалтын өдрийг давын өмнө ер бусын хувь тавилантай өвөөгийнхөө амьдралтай холбон үздэг. 1930 онд цэрэгт татагдсан тэр армид 42 жил алба хааж, хурандаа генерал, Элчин сайд, сайд хүртэлх замыг туулсан юм. Булан дэрс, Адагдулааны хавьд 1935-1936 онд япончуудтай хийсэн тулгаралт,  1939 оны Халх голын дайнд оролцож явсан юм.  Лениний нэрэмжит  Цэргийн улс төрийн академийн сонсогч байхдаа 1941 онд Москвагийн хамгаалалтад оролцож байжээ. 1944, 1945-1947 онд Монголын баруун хязгаарт хасгийн дээрэмчдийг устгах ажиллагаа,  милитарист Японы эсрэг 1945 оны  Чөлөөлөх дайнд оролцож явсан юм. Нэг бус удаа шархдаж, Солонгосын дайныг нүдээр үзжээ. Нэг сонин зүйлийг дурдахад, дайнаас эсэн мэнд буцаж ирэх болгоны дараа тэр хүүхэдтэй болж, жишээлвэл, Халх голын дайны дараа 1940 оны наймдугаар сард миний ээж төрсөн юм. Дайны хамаг аюул, эмгэнэлт явдлыг нүдээр үзсэн тэр бас энэрэнгүй үзэлтэн байсан юм.  БНАСАУ-д Элчин сайдаар ажиллаж байхдаа тэр Солонгосын 200 өнчин хүүхдийг Монгол улсад авчирч, асран хүмүүжүүлэх санал дэвшүүлжээ.  Асуудлыг нааштайгаар шийдвэрлэж, энэ хүүхдүүд 1960-аад оныг хүртэл Монголд байсан юм. Фронтын дайчин хүний хувиар тэр дайны тухай ярих дургүй байсан ч Эх орноо хамгаалах нь баатарлаг үйлс биш, харин цэрэг хүн бүрийн хүндтэй үүрэг мөн гэдэг байж билээ. Жил бүр Ялалтын өдрөөр бид  өвөө болон түүний дайчин нөхдийг хүндэтгэн дурсдаг” гэсэн юм.

1939 оны есдүгээр сард фашистын Германы цэрэг-улс төрийн удирдлагын дэгдээж, хэд хэдэн бага цахилгаан дайнаар дуусгахаар төлөвлөж байсан хоёрдугаар дайн дэлхийн зэвсэгт мөргөлдөөн болж хувирсан билээ. Дайны янз бүрийн шатанд хоёр талаас наймаас 12,8 сая  хүн,  84-163 мянга хүртэл их буу,  6,5-аас 18,8 мянга хүртэл нисэх онгоц оролцож байжээ. Байлдааны талбарын нийт талбай нь  Дэлхийн нэгдүгээр дайнд хамрагдсан нутгаас 5,5 дахин их байсан юм. Харин 1939-1945 оны дайнд нийтдээ 1,7 тэрбум хүн ам бүхий 64 улс татагдсан оржээ. Дайнаас учирсан хохирол  үнэхээрийн гайхширал төрүүлдэг.  Дайн бүхэл бүтэн олон орныг хуйхалж,  хот, тосгодыг балгас болгож, олон сая хүний аминд хүрсэн билээ. Зөвлөлт Холбоот Улс хамгийн олон буюу 26,6 сая хүнээ алдсан юм. Герман болон Европ дахь түүний холбоотнууд янз бүрийн мэдээгээр, 8-аас 13 хүртэл сая хүнээ алджээ. Польшийн 6 саяас цөөнгүй иргэн, 6 сая еврей, 2-3 сая япон хүн, Югославын 1,7 сая оршин суугч амь үрэгдсэн байна.  Хятадад барагцаалвал 5 сая хүнээ алдаж, харин дайны жилүүдэд энэ оронд гол нь өлсгөлөн, өвчнөөр 18 сая орчим хүн амь насаа алджээ. Нутаг дэвсгэрт нь байлдааны ажиллагаа болсон Бирм, Индонез, Вьетнам, Малайз, Тунис, Сири, Этиоп, Сомали зэрэг Ази, Африкийн орнуудын уугуул оршин суугчдын хүлээсэн хохирлыг хэн ч тооцоолж байгаагүй юм. Франц, АНУ, Их Британийн хүлээсэн хохирол харьцангуй их биш бөгөөд Францын  635 мянга, АНУ-ын 300 мянга орчим, Их Британийн 400 мянга гаруй хүн алагдсан байна. Англи улс агаарын бөмбөгдөлтөд сүрхий хохирч, харин АНУ-д дайны эвдрэл сүйрэл учраагүй юм. Нийт хүн амтай нь харьцуулбал Польш улс (17,2%), Зөвлөлт Холбоот Улс (13,5%), Югослав (11,1%) хүн хүчний хамгийн их хохирол хүлээжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны улс төрийн гол үр дүн нь фашистын түрэмгийлэгчдийг ялсан явдал юм. Фашизмын аюул нүүрлэж байсан улс орон, ард түмнүүд эрх чөлөө, тусгаар тогтнолоо өмгөөлөн хамгаалж үлдсэн билээ. Фашизм, нацизм, арьсны үзэл,  колоничлолын үзэл суртал нэр нүүрээ бүрэн барж, харин фашизмын эсрэг, колоничлолын эсрэг үзэл, ардчилал, социализмын үзэл санаа түгэн дэлгэрсэн юм.

Энэ дайны гол цохилтыг Зөвлөлт Холбоот Улс хүлээсэн билээ.  Энэ нь Аугаа их эх орны дайн болж, хүн ард нь  боолчлогдох, устаж үгүй болох аюулын өөдөөс нэгдэн нягтарсан юм. Улаан армийн дайчид, захирагч нарын эрэлхэг, баатарлаг зориг, ар талын бүх хүний хөдөлмөрийн зүйрлэшгүй гавъяа, Г.К.Жуков, К.К.Рокоссовский, И.С.Конев, А.М.Василевский болон бусад жанжны цэргийн урлаг ялалтын эх сурвалж болсон юм. Түүнчлэн ЗСБНХУ-ын ялалтад холбоотнуудын тусламж, дэмжлэг багагүй үүрэг гүйцэтгэсэн билээ.  Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусламж аугаа их эх орны дайнд Зөвлөлтийн ард түмний ялалтад үнэлж баршгүй хувь нэмэр болсон юм. Үүнийг оросын судлаачдын бүтээл туурвил нотолдог. Оросын түүхч В.Суворов бичихдээ “… Монгол улс АНУ, Их Британитай эн тэнцүүхнээр Сталины бас нэг холбоотсон байсныг заримдаа мартах нь бий… Монгол улсын хонин сүргийн тоо толгой олон. Хонины ноос бол дулаан хувцас хунар хийдэг стратегийн бүтээгдэхүүн юм. Дайны үед энэ стратегийн бүтээгдэхүүн нь танк юм уу их буунаас ч илүү үнэ цэнэтэй байсан үе бий. Монгол улстай холбоо харилцаатай байсан Сталин энэ бүтээгдэхүүн хомсдохыг огт үзээгүй юм” гэж тэмдэглэсэн байдаг.

Нацистын Герман Зөвлөлт Холбоот Улсад халдан довтолсон 1941 оны зургадугаар сарын 22-нд БНАМУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл болон МАХН-ын ТХ-ны тэргүүлэгчдийн хамтарсан хуралдаанаас 1936 оны гэрээний дагуу ЗСБНХУ-д туслахаар шийдвэрлэжээ. Зөвлөлт Холбоот Улсад халдан довтолсныг БНМАУ-д халдан довтолсонтой адил хэмээн Монголын ард түмэн үзэж байна гэж хуралдаанаас гаргасан мэдэгдэлд  өгүүлсэн байдаг.

Дайны эхнээс Улаан армид туслах хөдөлгөөн Улаанбаатар хотод үүсч, удалгүй энэ хөдөлгөөн нийт орныг хамарч, жинхэнэ өргөн олны шинжтэй болжээ. Тусгай сан байгуулж,  фронт руу Зөвлөлтийн дайчдад бэлэг илгээх ажлыг  зохион байгуулахаар 1941 оны есдүгээр сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэд Төв комисс байгуулагдсан байна.  Аймаг, хот, сум бүрт салбар комисс байгуулжээ.  Түүнчлэн Улаан армид туслах Сан байгуулж, Монголын ард түмэн уг санд мөнгө, алт болон мөнгөн эдлэл, бусад үнэт зүйл, дулаан хувцас, хүнсний бүтээгдэхүүн зэргийг хандивлаж байв. “Улаан армид туслах санд хувь нэмрээ оруулаагүй нэг хүн байх ёсгүй” гэсэн уриан дор тусламжийн хөрөнгө цуглуулах ажил явуулж байжээ. БНМАУ-ын Засгийн газар, Монголын ард түмний өмнөөс найман цуваа (барагцаалвал 740 вагон) бэлэг, илгээмж явуулсан байна. Дайны дөрвөн жилд Зөвлөлт Холбоот Улсад 500 мянга гаруй агт морь нийлүүлжээ. Арчилгаа шаарддаггүй, тэсвэр хатуужилтай монгол морьд европын морьдыг бодвол фронтын онцгой нөхцөл байдалд илүүтэй зохицож байжээ. 1943 он гэхэд фронтод тулалдаан оролцож байсан таван морины нэг нь монгол морь байсан гэдэг. Чухамхүү тиймээс, монголчуудын тусламж дэмжлэгт  хүндэтгэл үзүүлэн,  Аугаа их эх орны дайны жилүүдэд фашизмын эсрэг Орос, Монголын ард түмний тэмцлийг магтан алдаршуулсан “Дайны замаар” гэдэг дурсгалын хөшөө нээх ёслолын арга хэмжээ тавдугаар сарын 5-нд Москва хотын Ялалтын паркад болов. Баримал бартаат замаар их буу чирч яваа хоёр монгол  морийг дүрслэн харуулжээ.

53 танк бүхий “Хувьсгалт Монгол” танкийн цувааг Монголын ард түмний хөрөнгөөр  бүрдүүлэн, 1943 оны нэгдүгээр сард, харин мөн оны есдүгээр сард байлдааны 12 “Ла-5” нисэх онгоц бүхий “Монгол ард” гэдэг нисэхийн эскадрилийг бэлэг болгон илгээжээ. Танкийн цуваа бүрдүүлэхэд хандив болгож, Монголын ард түмний хандивласан 300 кг алт, 100 мянган ам. доллар, 2 сая 500 мянган төгрөгийг Зөвлөлт Холбоот Улсад хүлээлгэн өгсөн байна. Дайны жилүүдэд  Монголын Засгийн газар танкийн бригад болон нисэхийн эскадрилийн бие бүрэлдэхүүнийг бүрэн хангах ажлыг өөртөө авч, гурван удаа (1943 оны арванхоёрдугаар сар, 1944 оны дөрөвдүгээр сар, 1945 оны нэгдүгээр сард) тус бүр 2 сая төгрөг шилжүүлжээ. Дайны жилүүдэд болон дайнаас хойших эхний жилүүдэд  дайнд тахир дутуу болсон хүмүүс хийгээд дайчдын өнчин хүүхдүүдэд туслах санд 5 сая төгрөг, олон мянган толгой мал, их хэмжээний дулаан хувцас илгээсэн байна.  Монголын нутагт аж төрж байгаад фронтод явсан зөвлөлтийн иргэдийн гэр бүл, түүнчлэн дайнд тахир дутуу болсон дайчдад байнгын тэтгэвэр тэтгэмж олгож байжээ. Дайны сүүлчээр Зөвлөлт Холбоот Улсын чөлөөлөгдсөн нутгийн хамтралуудад шилжүүлэн өгөхөөр БНМАУ-д үржлийн морь, мал худалдан авах ажил зохион байгуулсан байна.

Монголын түүхч Н.Хишигт бичихдээ “Хэрвээ Монголын ард түмнээс ЗСБНХУ болон түүний Улаан армид  үзүүлсэн эд материалын буцалтгүй тусламжийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл дараах тоо гарч байна. Ю.Цэдэнбал 1946 оны аравдугаар сарын 30-нд Улаанбаатар хотын  намын идэвхтэний хурал дээр үг хэлэхдээ, нийт мөнгөн дүн 65 сая төгрөг болсныг анх дурдсан юм” гэжээ.

Фашистын Германы эсрэг Зөвлөлт Холбоот Улсын Аугаа их эх орны дайны жилүүдэд фронтод тусалж, японы түрэмгийлэгчдийн эсрэг ЗСБНХУ-ын хийсэн дайнд БНМАУ оролцсон нь хоёр орныг ойртон нягтруулахад асар их тус дэмжлэг болсны зэрэгцээ,  Монголын  бие даасан олон улсын эрх зүйн статусыг эцэслэн бататгаж, тус улсыг Эдийн засгийн харилцан туслах зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элсэх угтвар нөхцөл бүрдүүлсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа  Монгол улсыг тусгаар, бие даасан улсын хувиар хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх таатай нөхцөл бүрдсэн билээ. 1945 оны хоёрдугаар сарын 11-нд Крымын бага хурал дээр Зөвлөлт Холбоот Улсаас Японд дайн зарлах нэг болзол болгон Гадаад Монголын тухайн үеийн статусыг  хэвээр үлдээхийг холбоотон улс болох АНУ, Их Британийн тэргүүн нараар  зөвшөөрүүлсэн юм. ЗСБНХУ-тай тогтоосон найрамдал, хамтын ажиллагааны батжилт, Ялтагийн бага хурлаас дэвшүүлсэн Японы эсрэг дайнд Зөвлөлт Холбоот Улсын орох болзол,  БНМАУ-ын тусгаар тогтнолыг Хятад хүлээн зөвшөөрсөн явдал нь Монгол улсыг дэлхийн улс төрийн тавцанд олон улсын харилцааны бие даасан субъект болоход чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 72 жил өнгөрлөө. Олсон шарх аньж, дайны зам зөрөг дахин өвс ногоонд хучигдаж, шинэ шинэ хот бий боллоо. Гэвч дэлхий ертөнцийн байдал эдүгээ  дээрдээгүй байгаа нь харамсалтай. Фашизмын оронд терроризм гарч ирэв. Сири, Иракт хүүхэд багачууд амь үрэгдэж, АНУ, Герман, Франц, Орост дэлбэрэлт болж, Афганистанд дайн үргэлжилж байна. Хүн төрөлхтөн 1945 оных шигээр зөвхөн хамтдаа л аливаа гамшгийг ялж чадна.

СЭТГҮҮЛЧ И.БОРХОНДОЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж