Армандо Торрес: “Оюутолгой”-г дэлхийд тэргүүлэх тоглогч болгоно

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Армандо Торрес: “Оюутолгой”-г дэлхийд тэргүүлэх тоглогч болгоно

-2020 онд  гүний уурхайгаас анхны хүдэр гаргах зорилго тавин ажиллаж байна-

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар саяхан томилогдсон Армандо Торрес Монголын  сэтгүүлчидтэй уулзаж  ярилцсан юм.  Тэрээр ярилцлагын эхэнд өөрийнхөө тухай болон “Оюу толгой” компанийн сүүлийн үеийн ажил байдлын талаар товч танилцуулсан юм.

-Монголчууд та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Намайг Армандо гэдэг. Би өнгөрсөн долоо хоногт “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Энэ албан тушаалд томилогдсоныхоо дараа хэвлэл мэдээллийн сэтгүүлчидтэй хийж буй анхны уулзалт маань энэ юм. Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Үнэн бодит мэдээллийг олон түмэнд хүргэх чухал үүрэг гүйцэтгэж байдаг сэтгүүлчдийн хөдөлмөрийг би ямагт өндрөөр үнэлж явдаг билээ. Монгол Улс, “Оюу толгой”-той ажил амьдралаа холбоод арван сар болж байна.

Би Бразилид төрж өссөн. Их сургуульд химийн болон процессын инженерийн чиглэлээр сурч төгссөн, эхнэр хоёр хүүхэдтэй. Бразилийн хамгийн хөгжингүй бүс нутаг болох өмнөд хэсэгт боксит, хөнгөн цагааны чиглэлээр ажлын гараагаа эхэлж байлаа. Тэндээсээ хойд бүсэд шилжин ажиллаж, гар бие оролцон байгуулсан хөнгөн цагааны хайлуулах үйлдвэр маань одоо дэлхийн хамгийн шилдэг хайлуулах үйлдвэр болжээ. Дараа нь Испанийн “Алкао” компанид ажиллах урилга хүлээн авсан юм. Тэдний шинээр худалдан авсан компанийг нэгтгэх ажлыг хариуцан ажиллаж байв. Тэнд таван жил ажиллаад “Алкао” компанийнхаа Баруун Австралид шинээр байгуулсан үйлдвэрүүдийг хүлээлгэн өгөх, бэлтгэлийг хангах ажлыг гардан гүйцэтгэсэн. Үүний дараа 2011 онд “Рио Тинто”-гоос ажиллах санал хүлээн авч, хөнгөн цагааны бизнест үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилласан юм.  Энэ хугацаанд хайлуулах дөрвөн үйлдвэр, хоёр уурхайн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Энэ ажлын хамрах хүрээнд орон нутгийн харилцаа, орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллах, орон нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох,  хөгжүүлэх зэрэг  олон ажлыг хамаарч байлаа. 2016 оны наймдугаар сард “Рио Тинто” группээс “Оюу толгой”-г хариуцсан захирлаар ажиллах томилгоог хүлээж авсан. Энэ ажлын хүрээнд “Оюу толгой”-н үйл ажиллагааны болон гүний уурхайн төслийн багуудыг удирдлагаар хангаж, гүний уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлэх нэгжийг бий болгоход голлон анхаарч ажиллаж ирлээ. “Оюу толгой”-н ТУЗ, хувь нийлүүлэгчдээс надад итгэл үзүүлж, “Оюу толгой”-н үйл ажиллагаа, ялангуяа гүний уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлэх багийг удирдан ажиллах итгэл хүлээлгэсэнд баяртай байна.

Гэр бүлийн хүн маань намайг дагаад Монголд нүүж ирэхээр болсон. Ингэхээр бидэнд Монгол оронтой, монголчуудын гайхамшигтай зан заншилтай танилцах завшаан олдоно гэж итгэж байна. Би Бразили хүн учраас мэдээж хөл бөмбөгт дуртай. Монголд ирээд монголчууд Английн премьер лигийн тоглолтыг их сонирхон үздэгийг мэдсэн. Цаг зав гарвал спортын суваг үзэх дуртай. Даланзадгадад очиж, Говь гурван сайхан уулаар жаахан аялсан. “Оюу толгой”-д ажиллах хугацаандаа цаг зав гаргаж, Монгол оронтой илүү сайн танилцах төлөвлөгөөтэй байгаа.  Өөрийнхөө тухай товчхон танилцуулахад ийм байна. Энэ бүхэн  намайг бага ч гэсэн таньж мэдэхэд та нарт тус болсон байх гэж найдаж байна.

Одоо компанийнхаа сүүлийн үеийн ажил үйлсийн талаарх мэдээллийг та бүхэнтэй хуваалцъя. Эхлээд аюулгүй ажиллагааны талаар ярья. Уурхайн үйл ажиллагааны багууд маань  аюулгүй ажиллагааны үзүүлэлтээр “Рио Тинто” группийн хэмжээнд тэргүүлж байгаа. Гүний уурхайн төслийн хувьд барилга бүтээн байгуулалтын үе шатны аюулгүй ажиллагааны үзүүлэлтийг уурхайн үйл ажиллагааны үзүүлэлттэй шууд харьцуулахад жаахан төвөгтэй байдаг. Яагаад гэвэл, энэ маань хоёр өөр орчин, хоёр өөр үйл ажиллагаа явуулж байдаг болохоор харьцуулах боломж бага юм. Ажиллах хүчний тухайд энэ уурхайгаа олон арван жил ашиглах төлөвлөгөөтэй байдаг болохоор үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд ман их анхаардаг юм. Өнөөдрийн байдлаар  уурхайн үйл ажиллагааны багийнхны 96 хувийг монголчууд эзэлж байна.  Гүний уурхайн төслийн ажиллах хүчний тоо маш богино хугацаанд өсч  3500 гаруй боллоо. Үүний 87 хувь нь монголчууд. Цаашид энэ уурхайг үр ашигтай, тогтвортой ажиллуулахын тулд үндэсний боловсон хүчнийг чадавхжуулах, сургаж дадлагажуулахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх болно. Монгол ажилтнууд  мэдлэг, боловсрол өндөртэй байдаг нь миний бахархлыг төрүүлдэг. Ийм учраас миний хувьд энэ компанийг, энэ хамт олныг удирдаад Оюу толгойг дэлхийн зэсийн зах зээлийн тэргүүлэх тоглогч болгож чадна гэж  найдаж байгаа. Санхүүгийн талаар өгүүлэхэд үйл ажиллагааны мөнгөн урсгалын үзүүлэлтүүдийг  эерэг байлгах чиглэлээр нэлээд ихийг хийж байгаа. Одоо ашиглаж буй ил уурхай маань зэс, алтны агуулга багатай хэсэг. Ийм учраас үйл ажиллагаагаа ашигтай болгох чиглэлээр чамгүй зүйл амжуулж байна. Ялангуяа 2017, 2018 онд биднийг томоохон  сорилт бэрхшээл хүлээж байна. Орон нутгийн харилцааны чиглэлээр Хамтын ажиллагааны гэрээ маань амжилттай хэрэгжиж байгаа. Дэд бүтцийн нэлээд хэдэн төсөл дуусч байна. Ингэснээр Өмнөговь аймаг болон Ханбогд сумын дэд бүтцийг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж байна. Дотоодын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажил маань ч нэлээд урагштай байгаа. Гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын хувьд хэд хэдэн хэсэгт төлөвлөгөөнөөсөө түрүүлж яваа. Гол зорилт бол төлөвлөсөн хугацаандаа төсөвтөө багтаан энэхүү төслөө амжилттай дуусгах явдал юм. 2020 онд  гүний уурхайгаас анхны хүдэр гаргах зорилготой. Энэ зорилгоо хэрэгжүүлэхээр чармайн ажиллаж байна.

-Хөнгөн цагааны группт ажиллаж байсан талаар түрүүн дурдлаа. “Рио Тинто”-гийн хувьд хөнгөн цагааны бизнес нийт бизенесийнх нь хэчнээн хувийг эзэлдэг вэ. Одоо ингээд зэсийн бизнес рүү орохоор ямархуу байна вэ?

-Хөнгөн цагааны бизнес бол “Рио Тинто”-гийн хувьд төмрийн хүдрийн дараа хоёрдугаар ордог том бүтээгдэхүүний групп. Харин “Оюу толгой”-д миний хийх гол ажил бол хүмүүстэй ажиллах, тэднийг сургах, энэ төслийг цаашид амжилттай аваад явчих чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх явдал юм. Өмнө нь би том төслүүдийг үйл ажиллагаанд бэлтгэх чиглэлээр ажиллаж байсан. Энэхүү туршлагыг минь харгалзаад намайг энэ албан тушаалд томилсон байх. “Оюу толгой” бол миний хувьд дөрөв дэх том өргөтгөлийн төсөл болж байна.

-“Оюу толгой” бол Монголын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх том төсөл. Монголын эдийн засагт хоёр жил гаруй хямрал нүүрлээд нэлээд хүнд байдалтай байна. Ийм нөхцөлд гаднаас хөрөнгө оруулалтаар мөнгө татах явдал хамгийн чухал болоод байна. Гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой 4-5 тэрбум ам.доллар 4-5 жилийн хугацаатай орж ирнэ гэж ярьж байсан. Үүний яг хэд нь одоо Монголд орж ирсэн бэ. Энэ онд хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх вэ?

– Гүний уурхайн төслийн нийт зардал 5.3 тэрбум ам.доллар. Үүнд хөрөнгө оруулалт болон урсгал зардлууд орж байгаа. 2017 оны хувьд гүний уурхайн зардал 800-900 сая ам.доллар гэсэн тооцоо байгаа. 2020 он хүртэл дунджаар нэг тэрбум орчим ам.долларыг гүний уурхайн төсөлд зарцуулах төлөвлөгөөтэй байна. Хамгийн гол нь, энэ мөнгө дотоодын ханган нийлүүлэгчдэд аль хэр хүртээлтэй байна вэ гэх асуулт. Үндэсний аж ахуйн нэгжүүд гадаадын туршлагатай сайн компаниудтай хамтран гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож байна. Хэрэгцээт цементийг гэхэд л дотоодын компаниас авч байна. 2017 онд гэхэд “Оюу толгой” компани борлуулалтын орлогынхоо 110 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг гүний уурхайд оруулж байгаа. Цаашдаа энэ тоо нэмэгдээд л явна.

Төсвийн тухай хуульд “Оюу толгой”-н орлогыг Монголын банкуудаар дамжуулах тухай заасан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэрвээ “Оюу толгой”-н борлуулалтын орлого Монголын банкуудаар дамжих юм бол орлогынх нь 20-30 хувь Монголд үлдэнэ гэсэн. Энэ дүгнэлттэй та бүхэн санал нийлж байна уу. Уг тогтоолын талаар Засгийн газар танайхаас санал авсан уу?

-УИХ-ын тогтоол, Жавхлан гишүүний тооцооны хувьд миний мэдлийн асуудал биш учраас хариулахад бэлэн биш байна. Харин 2016 онд манай компанийн Монголд оруулж ирсэн мөнгөн дүн нь компанийн орлогын 66  хувьтай тэнцэж байгаа. Энэ тоо 2017 онд 110 болж өснө. Энэ нь төслийн бүтээн байгуулалтын үе шатны онцлогоос хамаарч ингэж хэлбэлзэж байгаа юм.

Монголын банкуудтай хамтран ажиллахад хэцүү байгаа юм биш үү?

-2017 онд гэхэд борлуулалтын орлогоосоо давсан хэмжээний мөнгийг Монголын таван банкаар дамжуулан оруулж ирэхээр төлөвлөөд байна. Ийм учраас Монголын банкуудтай хамтран ажиллахгүй гэж хэлэх ямар ч үндэслэлгүй.

-Баяжмал дахь зэсийн агуулга буурснаас болоод экспорт тодорхой хэмжээгээр буурна. Үүнтэй холбоотойгоор төлөх татварын хэмжээ буурах уу. Нөгөө талаар хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа учраас импортын татвар өсөх үү?

-Үндэсний татварын ерөнхий газраас  манай компанийг 2016 оны шилдэг татвар төлөгчөөр шалгаруулж, маргааш шагнал гардуулна. 2017 онд эрдсийн агуулгатай холбоотойгоор роялти татварын хувьд бага зэргийн өөрчлөлт гарах байх. Гэхдээ ойрын үед нийт эдийн засагт оруулж буй хувь нэмэр, төлж буй татвараараа манайх хамгийн том байгууллага хэвээр байх болно. 2010 оноос 2016 оныг дуустал Монголд зарцуулсан мөнгөн хөрөнгө зургаан тэрбум гаруй  ам.доллар болсон байгаа. Үүнд нийт төлсөн татвар, хангамж, худалдан авалт, цалин, нигмийн даатгал бүгд орж байгаа. Энэ тоо цаашид нэмэгдэнэ. 

-Монгол ажилчдын ур чадвар ямархуу түвшинд байна гэж Та дүгнэж байна вэ. Гүний уурхайд 3500 гаруй хүн ажиллаж байгаагийн 87 хувь нь монголчууд гэлээ. Цаашид ажилчин нэмж авах уу?

-Анхны сэтгэгдэл гэвэл, монгол ажилчдын хувьд маш сайн суурь тавигджээ гэж үзэж байна. Цаашдаа гаднаас туршлагатай мэргэжилтнүүдийг урьж авчран монгол ажилчдаа улам дадлагажуулж, туршлагажуулах бодолтой байна. “Тоёота”-гийн энэ чиглэлээр хэрэгжүүлдэг шилдэг арга барилыг туршиж үзээд Оюу толгойг ойрын арван жилийн хугацаанд дэлхийн шилдэг зэсийн уурхайн нэг болгож чадна гэж төсөөлж байна.  Ажиллах хүчнийхээ ойрын таван жилийн төлөвийг бид одоо гаргаж байгаа, тийм учраас хараахан тодорхой тоо хэлэх боломжгүй байна. Хожим тодорхой тоо гарахаар та бүхэнд хэлэх болно. Өнөөдрийн байдлаар ил уурхай, далд уурхай гээд гэрээт ажилтнуудыг оролцуулаад тооцвол төслийн нийт ажилтны тоо 11 мянгад дөхөж байгаа.  Энэ нь 35 мянган хүнийг шууд ба шууд бус ажлын байраар хангаж байна гэсэн үг.

-Одоо 11 мянган хүн ажиллаж байгаа гэлээ. Ил уурхай богино хугацаанд ажиллах нь. Тийм нөхцөлд гүний уурхайд тэр олон хүн багтаж ажиллах боломжгүй. Тэгэхээр ил уурхайг хаагдсаны дараа “Оюу толгой”-н ажиллах хүчинд ямархуу өөрчлөлт гарах вэ. Энэ талаар ямар тооцоо судалгаа байна вэ?

-Ажиллах хүчний урт хугацааны төлөвлөгөөгөө бид хийгээд явж байгаа. Гэхдээ ил уурхайг наад зах нь 20 жил ашиглана гэж тооцож байгаа. Гүний уурхай ашиглалтад орохоор ил уурхайн хүдэртэйгээ холих замаар үйлдвэрлэлээ явуулна. Зэсийн адил төстэй уурхайнуудын хувьд бид хамгийн бага зардалтай байх зорилго тавьж байгаа. Үүндээ хүрэхийн тулд янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой.

-Өмнө нь зардал төлөвлөсөн хэмжээнээс хэтэрсэн гэж яригдаж байсан. Зардлаа бууруулах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Зардал бууруулах чиглэлээр барьж буй хэд хэдэн стратеги байгааг онцолж хэлье. Нэгдүгээрт, зах зээл дээрх топ компаниудтай өөрсдийгөө харьцуулж хараад бид ямар үзүүлэлтээр хоцорч байгаагаа мэдэх ажлыг зохион байгуулж байна. Үүнийхээ дараа энэ дутмаг байгаа зүйлийнхээ талаар ажилчидтайгаа хамтран хэлэлцээд шийдэл олохыг хичээж байна. Үүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэх талаар олон ажил хийж байгаа. Үйл ажиллагаагаа сайжруулах, үр дүнтэй ажиллах, зардлаа бууруулах, арилжааны хэлцлүүдээ сайжруулах, зардлаа оновчлох гээд олон ажил хийж байна. Нөгөө талаар сэтгэлгээгээ ихээхэн өөрчлөх шаардлагатай. Бидний баримталж буй гол зарчим бол компанийн мөнгийг яг л хувийнхаа мөнгийг зарцуулж байгаа шигээ эзний ёсоор зарцуулж бай гэдгийг мөнгөтэй холбоотой шийдвэр гаргахдаа гол шалгуур болгож байгаа. “Тоёота” ч гэсэн яг л ийм зарчмыг баримталж үр дүнд хүрсэн байдаг.

Цаг гаргаж хүрэлцэн ирсэн та нартаа баярлалаа. Дахин дахин уулзах боломж гарна  гэж итгэж байна. Бидэнд аюулгүй ажиллагаа, боловсон хүчин гээд маш сайн нөөц бололцоо хангалттай бий. Ийм болохоор биднийг урт хугацааны гэрэлт сайхан ирээдүй хүлээж байгаа. Энэ бол зөвхөн манай компанид ч биш, Монгол Улсын хувьд ч сайхан ирээдүй юм гэж бодож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж