Багачууд хөлбөмбөгөөр амьсгаллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.07-нд нийтлэгдсэн

Багачууд хөлбөмбөгөөр амьсгаллаа

Өчигдөр буюу 2011 оны наймдугаар сарын 6-ны өдөр хүүхдүүд хөлбөмбөгөөр тоглон наадаж өнгөрөөлөө. Өглөөний 11.00 гэхэд нийслэлийн зургаан дүүрэгт Монголын Хөлбөмбөгийн Холбооны харъяа клубууд хөлбөмбөгт “дурлагч” багачуудаа хүлээн авахад бэлэн болсон байлаа. Лигийн тэмцээнд оролцогч “Эрчим”, “Хоромхон”, “Сэлэнгэпресс”, “Улаанбаатар Дээд Сургууль”, “Хүлгүүд”, “Улаанбаатарын мазаалайнууд” клуб дээр нэмэгдэж, “Шинэ яармаг”, “Арвис”, “Сод титэм”, “Дэрэн” зэрэг хөлбөмбөгийн дугуйлан, клубууд мөн хамрагдлаа. Ийнхүү “НИЙСЛЭЛИЙН БАГАЧУУДЫН ХӨЛБӨМБӨГИЙН ӨДӨРЛӨГ” албан ёсоор нээлтээ зургаан дүүрэгт зэрэг явууллаа. Нээлтийн ажиллагаанд нийслэл болон дүүргийн Засаг дарга нар, биеийн тамир болон нийгмийн ажиллагсад, мөн энэхүү өдөрлөгийг ивээн тэтгэж байгаа нийгмийн хариуцлагаа дээдлэгч ХасБанк зэрэг томоохон байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Энэ удаагийн өдөрлөгт бяцхан хүүхдүүд олноор ирлээ. Өдөрлөгт оролцогч хүүхдүүдэд хашир туршлагатай багш, дасгалжуулагч, үндэсний шигшээ багийн болон лигийн тамирчид бүгд зааж, сургах дүүрэн хүсэл, тэмүүлэлтэйгээр оролцож байлаа. Мөн хамгийн сайн үр хүүхдээ дэмжсэн эцэг эхчүүдэд спортын бараа худалдаалдаг “БУМО” дэлгүүрийнхэн Испанийн алдарт Барселон багийн өмсгөлийг өгч байлаа. Энэ нь үр хүүхэддээ хөлбөмбөгийн төлөө хөрөнгө оруулалт, цаг заваа гаргасны нэгэн ёсны шагнал нь болсон байна.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо дүүрэг болон анхан шатны газарт мэргэжлийн хөлбөмбөгийн мэргэжилтэнгүүдээ наймдугаар сарын 01-ны өдрөөс цалинжуулан ажиллуулж байгаа юм. Эдгээр мэргэжилтэн дүүргийн БТСГ-тай хамтран хөлбөмбөгийн сургалт, тэмцээн уралдааныг цаашдаа ийнхүү үргэлжлүүлэн дэлгэрүүлэх ажээ. Бүр дүүргийн хороодтой хамтран хороо, байр, гудамжинд хүртэл хүрч ажиллах төлөвлөгөө гаргах юм. Ингэснээр хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч байх, биеийн тамир, спортоор хичээллэн эрүүл чийрэг болох, ирээдүйн чадалтай иргэнийг бий болгох бодлогыг хэрэгжүүлэхэд туслах юм хэмээн Монголын Хөлбөмбөгийн холбоо манайд мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж