Хойд Солонгосын ээлжит барьцаа

Хуучирсан мэдээ: 2017.05.08-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын ээлжит барьцаа

Ким Хак-сон нь Пхеньяны шинжлэх ухаан, технологийн их сургуульд ажилладаг байсан гэх мэдээлэл байгаа юм.

Хойд Солонгос дахин АНУ-ын иргэнийг баривчлан саатуулжээ. Энэ удаад Хойд Солонгосын дэглэмийг эсэргүүцсэн тэрслүү үйлдэл гаргасан гэх үндэслэлээр саатуулсан байна.

“Ким Хак-сон нь Пхеньяны шинжлэх ухаан, технологийн их сургуульд ажилладаг байсан. Түүнийг тавдугаар сарын 6-ны өдөр баривчлан саатуулсан” гэж тус улсын KCNA агентлаг өчигдөр /2017.05.07/ мэдээлжээ. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Одоогоор түүнээс гадна АНУ-ын гурван иргэн Хойд Солонгост саатуулагдаад байгаа юм. АНУ-ын зүгээс Хойд Солонгосын энэ мэт үйлдлийг буруушааж, барьцаа болгон ашиглах зорилготой гэж шүүмжилж байна.

Ким Хак-сон өөрийгөө Пхеньяны шинжлэх ухаан, технологийн их сургуульд туршилтын ферм байгуулах даалгавартай ирсэн нэгэн гэж өөрийгөө тодорхойлжээ. Тус сургууль нь барууны хөрөнгө оруулалттай, Хойд Солонгосын элит гаралтай гэр бүлийн хүүхдүүд суралцдаг аж. АНУ болон Өмнөд Солонгосын хүмүүнлэгийн байгууллагуудын хөрөнгө оруулалтаар 2010 онд байгуулагдсан тус сургуульд гадаадын багш нар хичээл зааж, лекц унших нь цөөнгүй гэнэ.

АНУ-ын иргэн Ким Дон-чул өнгөрсөн жил 10 жил хүнд хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлжээ.

АНУ-ын иргэнийн баривчлан саатуулсан явдал нь угаас хурцадмал байдалд байгаа Хойд Солонгос ба АНУ-ын харилцааг улам бүр дэврээж буй бололтой.

Пхеньян цөмийн туршилт хийхээр заналхийлж, АНУ Солонгосын хойгт цэргийн бие бүрэлдэхүүнээ байршуулахын сацуу умардын хөгжүүлж буй цөмийн хөтөлбөрийг зогсоохоо амлаад байна. Түүнчлэн АНУ болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хөнөөхөөр үгсэн хуйвалдаж байна гэж умардын талаас өнгөрсөн баасан гаригт /2017.05.05/ мэдэгдэв.

Вашингтон болон Сөүлийн зүгээс дээрх мэдэгдэлд ямар нэг хариу тайлбар өгөөгүй, гэхдээ тийм хуйвалдаан байх боломжгүй гэж шинжээчид тайлбарлаж байна.

АНУ-ын өөр нэгэн иргэн Отто Уормбьер 2016 оны нэгдүгээр сард Хойд Солонгост баривчлагджээ.

Ким Хак-соноос гадна Пхеньянд АНУ-ын гурван иргэн саатуулагдаад байна. Тэдгээр нь:

  • Ким Сан-дук. Пхеньяны шинжлэх ухаан, технологийн их сургуульд багшилдаг байсан түүнийг төрийн эргэлт хийхийг завдсан гэх үндэслэлээр өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчилжээ. Тэрбээр 55 настай, Хойд Солонгост хүмүүнлэгийн ажилд оролцдог байсан гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлсэн юм.

  • Ким Дон-чул. 62 настай. Тагнуулын ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр өнгөрсөн жил шийтгүүлсэн. Түүнд 10 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял оноожээ.

  • АНУ-ын оюутан Отто Уормбьер. 22 настай. Зочид буудлаас суртал ухуулга бүхий зурагт хуудас хулгайлах гэж байгаад баригдаж, 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж