Ямар машин хамгийн их хулгайлагддаг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.08.06-нд нийтлэгдсэн

Ямар машин хамгийн их хулгайлагддаг вэ?

2010 онд АНУ-д хамгийн ихээр хулгайд алдагдсан автомашинаар 1994 оны "Хонда Аккорд" тодорчээ.

Энэ тоог "NASDAQ" агентлаг АНУ-ын Гэмт хэргийн мэдээллийн үндэсний
төвийн судалгааг иш татан гаргасан байна. "Хонда Аккорд"-ын дараа эхний
гуравт 1995 оны "Хонда Сивик", 1991 оны "Тоёота Камри" загварууд оржээ.

Түүнчлэн шилдэг аравт 1999 оны "Шевроле Пиккап", 1997 оны "Форд F-150",
2004 оны "Додже Рам", 2000 оны "Додже Караван", 1994 оны "Акура
Интегра", 2002 оны "Форд Эксплорер", 1999 оны "Форд Таурус" автомашинууд
орсон байна.

Мэргэжилтнүүдийн хэлснээр хулгайчид шинэ гэхээсээ хуучин машиныг илүү
ихээр хулгайлдаг гэнэ. Учир нь хуучин автомашинуудад хулгайчаас
сэргийлэх технологи энэ тэр байхгүй, эсвэл муу байдаг ажээ. 2010 онд АНУ
даяараа 52 мянган "Хонда Аккорд" хулгайд алдагджээ. Тэдний 44 мянгаас
илүү нь 1990-ээд онд үйлдвэрлэгдсэн тэрэгүүд байв. Хулгайлагдсан машины
ихэнхийг нь задалж зараад, запасанд өгдөг.

Шинэвтэр, шинэ машинууд заримдаа хил даваад зарагддаг гэнэ шүү. 2010 онд
АНУ-д яг хэдэн тооны автомашин хулгайд алдагдсан гэдгийг цагдаагийн
байгууллагаас тодорхой гаргадаг юм байна. Өнгөрсөн жил урт гартнуудад
олзлогдсон автомашины тоо 2009 оныхоос 7.2 хувиар буурчээ. 2009 онд
Америкт 794.6 мянган машин хулгайлагдаж байв.

Тэр жил мөн л 1994 оны "Хонда Аккорд" алдагдсан тоогоор тэргүүлсэн аж.
Харин манай оронд жилд хэдэн машин хулгайчдын олз болохыг тогтоодог бол
ямар хариулт гарах юм бол. Түүнчлэн Монголд БНСУ, Япон, АНУ, Саудын
Арабаас автомашин ихээр орж ирдэг. Зарим хүмүүс тэдгээр автомашинуудын
дотор хулгайн тэрэг их байдаг гэж үздэг юм билээ.


М.Тилек

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж