Говь-Алтайн замыг хоёр жилийн дараа дуусгана

Хуучирсан мэдээ: 2017.05.05-нд нийтлэгдсэн

Говь-Алтайн замыг хоёр жилийн дараа дуусгана

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын ажлын явц болон Зам тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийв.

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Баянхонгор, Говь-Алтай чиглэлийн авто зам юу болж байна вэ. Хэзээ ашиглалтад оруулах вэ?

Хариулт, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат:

-Баянхонгороос Говь-Алтай чиглэлийн замыг хоёр хувааж концесс хэрэгжүүлнэ. Баянхонгороос Байдрагийн гүүр, Байдрагийн гүүрнээс Говь-Алтай чиглэлийн авто замын концесс зарлагдсан. Хоёр жилийн дараа ашиглалтад орно. Концессоор шалгарсан компаниуд 2020, 2021 он хүртэл гурав, дөрвөн удаа хувааж авахаар хуваарь гаргаж төлбөрөө авахаар болсон.

Хариулт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

-Энэ Засгийн газар байгуулагдсан цагаас хойш ганцхан концесс шинээр байгуулсан. Тэр яригдаад байгаа долоо, найман концессын асуудал бол өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан гэрээ хэлэлцээр юм. Харин ч өмнөх Засгийн газрын байгуулсан концессын өртөг хасагдсан. Бид компаниудтайгаа тохироод авах ашгаа буулгах хүсэлт тавьсан.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Та бүхэн намайг концессоор мөнгө идсэн уусан гэж баахан гүтгэсэн. Одоо өөрсдөө концессоор бүтээн байгуулалт хийх гээд байж байна. Одоо улс төржилтөө зогсоогоод ажлаа хий. Ипотекийн зээлийг хэзээ олгож эхлэх вэ. Өмнөх жилийн ипотекийн зээлийн тайланд 7000 хүнд олгосон гэдэг мэдээлэл бий. Гэтэл энэ жил 900 хүнд олгоод байна.  

Хариулт, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр:

-Ипотекийн зээл олгогдож байгаа. Одоогоор 25-30 тэрбум төгрөгийн зээлийн сар бүр олгож байгаа.

Үүгээр Ерөнхий сайдын мэдээлэл өндөрлөв. Үүний дараа Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан үдээс өмнөх чуулган дээр хийсэн билээ. Тиймээс одоо хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 140 саналаар санал хурааж эхэллээ. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж