Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөх болсон Х.Баттулга их хурлын гишүүддээ хандаж үг хэллээ.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах бүх гишүүдийн санал асуулгад оролцон, надад итгэл үзүүлсэн журмын нөхөддөө талархлаа илэрхийлье.
Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм.
Монгол газар шороон дээр монгол хүн цээж дүүрэн амьсгалж, толгой өндөр, нүүр баатар, элбэг хангалуун амьдарч, ажиллах тэр цагийг наашлуулахын төлөө би чадах бүхнээ хийх гэж улс төрд орсон. Шийдвэрлэх цаг мөч тулж ирлээ. Би бие сэтгэлээрээ бэлэн байна. Хүч тэнцвэргүй тулаан биднийг хүлээж байгаа
Би журмын нөхөдтэйгээ хамтран боловсруулсан мөрийн хөтөлбөр – Тавдахь Ерөнхийлөгчийн эрмэлзэх таван зүйлийг бүрэн хэрэгжүүлсэн дүнтэйгээр сонгуульт хугацаагаа дуусгахыг хичээн эрмэлзэх болно. Миний эрмэлзэж буй зүйлс бол монголчуудын чин эрмэлзлэл. Монголын эх орончдын эртнээс нааш эрмэлзэж ирсэн тэр зүйлсийг би удирдлагаа болгон ажиллах болно. Үе үеийн эх орончид “…төр юугаан дахин шинэчлэн босгож, тасарсныг залгаж, хэмхэрснийг эвлэрүүлэн нийлүүлэхийг эрмэлзэн” “ард олны эрхийг мандуулж, эрдэм боловсролыг хөгжүүлэн, нийтээр тэгш жаргах, улс үндсээрээ дэвшин хөгжих төрийг босгох”-ыг чармайн зүтгэж ирснийг би үргэлжлүүлэхээ, хэрэгжүүлэхээ амлая” гэсэн юм.
Т.НОМИН