Хятадын хойд хэсэгт сүүлийн хоёр өдөр элсээр шуурч байна. Ялангуяа Өвөр Монголын өөртөө засах орны ихэнх нутаг шуурганд өртөж үзэгдэх орчин хязгаарлагджээ. Шуурга нийслэл Бээжин хотыг ч дайрчээ.
Хятадын Байгаль орчны агентлагийн мэдээгээр шуурганы улмаас агаарын чанарын байдал Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрчээ. Тиймээс хүүхэд болон ахмад настай хүмүүсийг аль болох гадагш гарахгүй байхыг сануулан сэрэмжлүүлжээ.
Монголын элсэн шуурга хэмээн хэлдэг энэ шуурганы улмаас нэг куб метрт зөвшөөрөгдөх бичил биетийн хэмжээ 500 микрограм хүрсэн хэмээн Байгаль орчны агентлаг мэдээллээ. Өвөр Монголын зарим газарт 2000 микрограм хүрсэн байна. Зөвшөөрөгдсөн хэмжээ нь нэг куб метрт 25 байх ёстой юм.
Орон нутгийн олон нислэг цуцлагдсан байна.
Өвөр Монголын зарим хэсэгт 300 метрийн доторх юмс харагдах төдий болсон байна. Энэ удаагийн шуурга Шинжаан, Ганьсү, Ниншя, Шаанши, Өвөр Монгол, Шань Ши, Хэбэй, Бээжин, Тяньжин зэрэг 1.63 сая шоо километр талбайг хамарчээ.
А.ТУЛГА