УИХ-ын үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд барилга хот байгуулалтын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Барилгын салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг хууль эрх зүйн орчинд нийцүүлэн ажиллахыг зорьж байна. Мөн Замын-Үүдийн чөлөөт бүсэд барилгын материалын бөөний хангамжийн сүлжээ байгуулах, Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн болон Багануур үйлдвэрлэл, технологийн паркын ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээний зураг төслийн санхүүжилтийг тус тус шийдвэрлэн зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөрөнгө оруулалтын үр дүнд 2017 оны I улирлаас эхлэн цементийн үйлдвэрүүд дотоодын хэрэглээг 100 хувь хангаж, улмаар экспортлох боломжтой болоод байна. Түүнчлэн барилгын материалд шаардлагатай эрдэс, түүхий эдийн ордын нөөцийн хэмжээг төрөлжүүлэн судлах ажлыг зохион байгуулж, зарим ордын нөөцийн хэмжээг тогтоогоод байна.
Иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн суманд 120 айлын орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд 2017 онд Орхон аймагт 315, Хөвсгөл аймагт 135, Говь-Алтай аймагт 120 айлын дуусаагүй орон сууцны барилгыг үргэлжлүүлэн барьж байгуулна. Мөн Улаанбаатар хотод “Буянт ухаа 2” орон сууцны хорооллын дуусаагүй 972 айлын 18 барилгыг 2017 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж, цаашид хэрэгжүүлэхэд бэлэн болсон “Буянт ухаа 2-2”, “Буянт ухаа 3”, “Эко яармаг”, “7 дугаар хороолол” зэрэг орон сууцны хороолол, хотхоны төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эдгээр төсөл хэрэгжсэнээр нийт 8717 айлын орон сууц ашиглалтад орох боломжтой болно.
2017 оны 3 дугаар сарын байдлаар 1028 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчийн тоо 90.4 мянгад хүрсэн байна. Үүний 77.8% нь орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдсан байна.
Орон сууц худалдан авах боломжгүй, түрээсийн орон сууцанд амьдрах сонирхолтой иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн өмчийн бүх хэлбэрийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах зорилготой “Түрээсийн орон сууц” хөтөлбөр 2015-2021 онд хэрэгжих бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, эдгээрээс 12160 айлын орон сууцны санг шинээр, 7840 айлын орон сууцны санг зах зээл дээр ашиглагдаж байгаа түрээсийн байрны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах замаар бүрдүүлэх юм. Өнгөрсөн хугацаанд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд төрийн болон орон нутгийн түрээсийн орон сууцны санд нийт 1512 айлын орон сууцыг шилжүүлсэн байна.
Түрээсийн орон сууцны нэг сарын түрээсийн төлбөрийн хэмжээг “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-д тулгуурлан өрхийн дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй байхаар хот, хөдөө орон нутагт ялгавартай тогтоон 2017 онд мөрдөх түрээсийн орон сууцны нэг сарын төлбөрийн хэмжээг нийслэлд 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөг байхаар тус тус тогтоон мөрдүүлж байна.
Цаашид гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон хувийн орон сууц” загвар төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, аймаг бүрт “1000 айлын орон сууц” төсөл, “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг тус тус үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, 20000 айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Барилга, хот байгуулалтын салбарт Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банк болон гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагуудын санхүүжилтээр “Эрдэнэт хотын бохир ус, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл төсөл”, “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”, “Дархан хотын бохир усны менежментийн төсөл”, “Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл”, “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт-бохир усны менежментийг сайжруулах төсөл”, “Улаанбаатар хотын VII, XIV хорооллын орон сууц, МҮОНРТ орчмын хорооллын дэд бүтцийн төсөл”, ”Дэд бүтэц” зэрэг төсөл хэрэгжиж, хот суурин газрын дэд бүтцийг хөгжүүлэх, орон сууцжуулах бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.
Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих жишиг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, эхний ээлжийн барилгажилтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор нийслэлийн 24 байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, 8 байршилд гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус 32 байршилд нийтдээ 85190 иргэдийн 17667 нэгж талбарын 1615.8 га талбай хамрагдах бөгөөд энэ нь нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15 хувь, гэр хорооллын хүн амын 10 хувийг хамрах юм.
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгагдсан 7 дугаар хороолол, Буянт-Ухаа, Ирээдүй, Яармаг зэрэг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний ажилд 12.4 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж дуусах шатандаа ороод байна.
Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Нийслэлд 1000 айлын түр суурьших орон сууцыг барьж ашиглалтад оруулах” зорилтын хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах зориулалтаар БНХАУ-аас олгох 350,0 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчмын бүсэд 1000 айлын түр суурьших орон сууц барихаар бэлтгэл ажлыг хангуулаад байна.
Засгийн газрын 2017 оны 5 дугаар тогтоолоор “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулж, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий үндэсний хороог байгуулсан бөгөөд төслийн судалгаа, урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил хийгдэж байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн чиглэлээр хаягийн мэдээллийн систем байгуулах, газрын кадастрын мэдээллийн санг геодезийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллийг бий болгох зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж, 2017 онд нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болголоо.
Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто зам дагуух Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын байр зүйн зураглал, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажлыг 130400 га газарт хийж, иргэнд улсын чанартай авто зам дагуух газарт газар өмчлөх боломжийг бүрдүүллээ.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан газрын цахим биржийг ажиллуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах, эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд Газрын биржийн үйл ажиллагааны журмыг Засгийн газрын 2016 оны 210 дугаар тогтоолоор баталж, биржийн үйл ажиллагааг эхлүүлээд байна” гэв.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүдийн асуултад хариулав.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Сонгогчдын эрх зөрчигдөөд байна гэж би Ерөнхий сайдад хэлж байхад танай өмнөх Ерөнхий сайд ингэдэг байсан гэх юм. Хүн өнгөрснөө харж амьдардаггүй. Ирээдүйгээ харж амьдардаг юм шүү. УИХ-ын 39 гишүүн байж хууль батлах ёстой. Гэтэл 37 гишүүн сууж байгаад баталбал юу болох вэ? Та Сүхбаатар аймгийн Засаг даргын асуудлаар хуулийн дагуу шийдвэр гаргах ёстой.
Ингээд би танаас асуулт асууя. Барилгын компаниуд өрийн хүлээсэнд орлоо. Энэ салбараа өр зээлээс гаргахын тулд ямар алхам хийж байна вэ?
Хариулт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-Ж.Батзандан гишүүн та намайг гүтгэж байна. Би хэзээ ч байхад танай өмнөх Ерөнхий сайд ингэдэг байсан гэж хэлээгүй. Та урьд нь намайг бас нэг удаа гүтгээд над руу утсаар ярьж уучлалт гуйж байсан. Миний явуулсан бодлого хууль зөрчөөгүй. Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилох шийдвэрийг би хуулийн дагуу гаргасан. Хуулийн дагуу гэдгийг би тогтоогоогүй шүүх тогтоосон.
Барилгын салбарын тухайд нийлүүлэлт их байна. Тиймээс бэлэн байгаа барилгаа эргэлтэд оруулах хэрэгтэй.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.
Т.НОМИН