Тавдугаар сарын 13. Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт тохиодог мод тарих өдөр энэ жил энэ өдөр таарч байна.
2010 оноос жилийн хавар, намарт хэрэгжүүлж эхэлсэн “Мод тарих өдөр”-ийн хүрээнд улс даяар нийтдээ 9 сая гаруй мод суулгасан тоон мэдээлэл байдаг. Энэ нь өнгөрсөн жилийн өдийд гаргаж хэлсэн тоо.
Иргэд, байгууллагын ухамсар хариуцлага нэмэгдэж, нэг үеэ бодвол хаврын хаварт “Туул голын эрэг дагуух хог цэвэрлэлээ”, “Мод тарилаа” гэсэн танил өгүүлбэртэй мэдээллүүд хөвөрч, хогийн уут, хүрз, жоотуу барьсан зураг энд тэндгүй зурайдаг ч энэ жилийн мод тарих өдрийг тарьсан модоо тоолох өдөр болгомоор байна.
Үнэхээр бид өнгөрсөн хугацаанд ес, арван сая мод бут суулгасан юм бол хэчнээн нь ургаж, тэсч, үлдсэнийг долоон жилийн босгон дээрээс тоолж үзье.
Албан байгууллагууд шинэ бут суулгахын хажуугаар өмнө нь тарьсан мод, бутаа хэрхэн ургасныг харуулъя. Хотын тохижилтынхон үүн дээр бодитой тоо гаргаж, шинэ суулгацын хэд нь ургаж, хэд нь хатаж, ургадаггүй талаар үнэн зөв мэдээлэл өгдөг бол сайн. Бас тэд ургаа модыг нэг газраас нөгөөд шилжүүлэхдээ хэдийг нь үр дүнтэй суулгаж, хэрхэн ургуулснаа хэлдэг бол сайн.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жил бүр очиж тарьдаг, тарьц суулгацыг хэрхэн арчилж, тордож, ямар үр дүнд хүрч байгааг тоо ширхэгээр нь хэлүүлье. Энэ хаврын мод тарих өдөр бүх нийтээр модоо тоолж, торддог өдөр болгомоор байна.
Нийслэлийн ногоон байгууламжид зориулж жил бүр чамгүй их мөнгө төсөвлөдөг. Энэ нь хэдэн зуун саяар бус хэдэн тэрбумаар яригддаг тоо. Бүр 2014 онд гэхэд ногоон байгууламжид 4.6 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл өгч байсныг санаж байна. Энэ мөнгө гудамж талбайн цэцэгжилт, зүлэгжүүлэлтээс гадна захын гэр хорооллыг моджуулахад зарцуулагдсан гэдэг.
Хотын төвийн гудамж, орчноос гадна Амгалан, 22-ын товчоо, Долоон буудал зэрэг хотын захын хорооллуудыг тохижуулж, моджуулахад хэдэн жилийн өмнө багагүй мөнгө төсөвлөж байсан. Тухайн үед буюу 2015 онд өмнөх жил суулгасан мод 95 хувьтай ургасан гэх сайшаамаар мэдээллийг нийслэлийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн өгч байжээ.
Яармагийн дэнжийг цэцэрлэгт хүрээлэн болгоно хэмээн мөрөөдөл, төсөөлөл болгож, мөнгө төгрөг төсөвлөж байсан нь саяхан. Тэр цэцэрлэгт хүрээлэн ямар болсон бол?
Та бидэнд дунд ямар нэгэн зорилго, шаардлагаар мод тариагүй үлдсэн хүн бараг байхгүй байж болох ч тарьсан модоо эргэж очиж, тордож арчилсан нь хэд байгаа бол. Үгүйдээ л ухсан нүхэн дотроо суулгасан мөчир нь байгааг үгүйг эргэж очиж харсан нь хэчнээн бол… Энэ асуултыг өөртөө тавьж үзээд, хариултаа хэлээрэй. Ихэнх нь “үгүй” гэсэн хариулт сонгож байгаад нэг их эргэлзэхгүй байна. Тийм учраас тавдугаар сарын 13-нд хаа нэгтээ тарьсан модоо санаж, хэрхэн ургасныг нь харъя. Мод тарих өдрийг ургасан модтой угтъя. Үр дүнтэй болгоход хаа хаанаа анхааръя.
Б.БАЯСАХ