Монгол хүүхдүүд эрсдэл дунд амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2017.05.09-нд нийтлэгдсэн

Монгол хүүхдүүд эрсдэл дунд амьдарч байна

Ингэж хэлэх үндэслэл байна. Сүүлийн зургаан жилд хүүхэд өртсөн зам тээврийн осол 7150 бүртгэгдэж, 7110 хүүхэд хүнд хөнгөн байдлаар гэмтэж, 300 хүүхэд цаг бусаар хорвоог орхисон байна. Төдий тооны гэр бүл наран үгүй харанхуйлж, зэргэлдээ хашаа, хөрш айлын хүүхдүүд ижий ааваа дуудах болгонд зүрх шимшрэн үлдээд байна.

Осолд өртсөн хүүхдүүдийг насаар нь ангилбал 14 хүртэлх насны буюу ид хөгжиж, өсөн торниж буй хүүхдүүд ажээ. 2017 оны эхний гурван сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд хүндэвтэр, хүнд байдлаар гэмтсэн байна. Нас барсан хүүхдийн 92 хувь нь орон нутагт автомашинд зорчиж байгаад, гэмтэж бэртсэн хүүхдийн 52 хувь нь нийслэлд явган зорчигчид байна. 

Урин дулаан цаг ирж, хөгшид нарлаж, хүүхдүүд гадаа тоглодог эрин ирмэгц зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо бүр ч олширчээ. Өвөлжин гэрт хориотой байсан багачуудын нар гарч, ролик, скүүтер, скейт, унадаг дугуйгаа гарган унах болжээ. Ийнхүү хүүхдүүд компьютер, лептоп, гар утаснаас ангижирсан ч түүнээс дутахгүй аюул гэрийнх нь гадаа хүлээж байгааг хэрхэн мэдэх билээ.

Өнгөрсөн амралтын хоёр өдөр л гэхэд дөрвөн хүүхэд замын ослын улмаас гэмтэж бэртсэн гэж Замын цагдаагийн мэдээлэлд дурдсан байна. Өдөрт найман хүүхэд автомашины осолд өртсөн тохиолдол ч бий. Тэдний олонх нь гэр хорооллын гудамж, хороолол доторх зам дээр тоглож байгаад бэртэж гэмтжээ. Гэрийнхээ гадаа хүүхдүүд ийн эрсэдсээр байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ маягаар удаан үргэлжилбэл дэлхий нийт манай хотыг хүүхдэд халтай хотоор шалгаруулж ч мэдэх нь.

Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ) -аас жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд “Замын аюулгүй байдлыг хангах долоо хоног" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэхүү өдрийг дөрөв дэх жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил “Хурдаа хасч-Амь насаа аваръя” уриан дор тэмдэглэж буй юм. Хороолол доторх зам, гэр хорооллын гудамжинд хурдалж давхих зай талбай бараг л үгүй. Гэсэн хэдий ч жолооч нар богино зайд ч огцом, гэнэт хурдлахын сацуу бусдаас өрсөх гэсэн атгаг бодлоор ард урдах замаа ч анзааралгүй давхидаг. Хоромхон төдийд ухаан, тэвчээр гаргаагүйн төлөө хүний нялх үрийг бэртээж, насаараа харамсаад цайрахааргүй ялд унах нь харамсалтай биш гэж үү. Сурагчид, оюутнуудын хувьд хичээл, сургууль руугаа яарахдаа улаан гэрлээр зам гарах, гарцгүй газраар зорчсоноос машинд мөргүүлж, шүргүүлэх нь түгээмэл байдаг аж. Аминаас үнэтэй хичээл гэж үгүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ амьдралын зөв хэмнэлд сургаж, замаар зөв зорчиж сургах нь амьд, эрүүл аж төрөх ёсны анхны алхам гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна.

Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ машинаар авч явахдаа осолдуулж, гэмтээх нь түгээмэл тохиолдож байна. Мэдээж энэ бүхэн санаатай үйлдэл биш боловч нялх балчир үрсээ болзошгүй аюулаас авран хамгаалах үүрэг аав ээжийнх. Элээний сүүдэр тусах вий гэж элгэндээ нааж, энгэртээ тэвэрч өсгөсөн үрсээ тансаг хэрэглээнийхээ золиос болгож байгаад харамсаад баршгүй. Хүүхэд эндсэн ослын олонх нь орон нутгийн замд гардгийг мэргэжилтнүүд тодотголоо. Амарч аялах, алсад суугаа ахан дүүстэйгээ уулзах, бүр яарахаас аргагүй шалтаг шалтгаан байлаа чиг өсөн торниж буй нялх үрсийнхээ амь насаар дэнчин тавих эрх бидэнд байхгүй.

Осол аваарын дараагийн ноцтой шалтгаан согтуугаар машин жолоодох. Хоногт хамгийн багадаа 28, цаашлаад 43, 59, 65, 98 хүн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож байгаад цагдаа нарт баригдсан байх юм. Баригдаагүй хэд хэчнээн хүн амь дүйн гэртээ очсоныг таашгүй.

Хүүхэд тун чиг гэнэн амьтан. Машин ирж явааг хараад зогсож байснаа гэнэт гүйх, машины урдуур гарч явснаа буцаад эргэх гэхчилэн санаанд оромгүй буруу үйлдэл хийх нь олонтаа. Бага балчрууд нь барагтай бол машины араас цухуйхгүй. Арын болоод хажуугийн толинд юу ч харагдахгүй байлаа ч хүний нялх үр амь дүйн гүйж явахыг үгүйсгэхгүй. Яг л таны үр үндэс шиг жаахан амьтан машины тань ард байх вий, байнга шалгаж байгаарай.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж