Шайбтай хоккейн 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч баасан гаригт Францын Парис, Германы Кёлын хотноо эхэллээ. 81 дэх удаагийн тэмцээнд нийт 16 баг багтсан бөгөөд Европын 14, Хойд Америкийн хоёр баг өрсөлдөж байна. Тэмцээний “А” хэсэгт ОХУ, АНУ, Швед, Словак, ХБНГУ, Латви, Дани, Итали багтсан. Тэгвэл “В” хэсэгт Канад, Финланд, Чех, Швейцарь, Беларусь, Норвеги, Франц, Словенийн шигшээ орсон юм.
“А” хэсгийн эхний тоглолтод ОХУ-ын хүчирхэг баг Шведийг 2:1-ээр хожсон бол тэмцээнийг зохион байгуулагч Германы хоккейчид талбай дээрээ АНУ-ыг мөн 2:1-ээр буулган авсан. Гэхдээ немцүүд дараагийн тоглолтоо Шведтэй хийсэн ч 7:2 онооны харьцаагаар хожигдлоо.
Өчигдрийн байдлаар “А” хэсгийг Латви 6 оноотой тэргүүлж эхэлсэн бол ОХУ 5, Швед 4, Герман 3 оноотой удаалж байна. Харин АНУ 3, Словак 2, Итали 1 оноотой байгаа бол Дани хоёр тоглолт хийсэн ч хожигдолтойгоор хэсгийн сүүлийг мушгиж байна.
“В” хэсгийг Канад 6 оноотой тэргүүлж байгаа бол Швейцарь 5, Франц, Чех, Норвеги, Финланд тус бүр 3 оноотой удаалж байна. Харин Словени 1 оноотой байгаа бол Беларус хараахан оноо авч чадаагүй явна.
Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр “А” хэсэгт Герман-ОХУ, АНУ-Швед, “В” хэсэгт Беларус-Канад, Финланд-Чехийн тоглолт боллоо.
Энэ удаагийн ДАШТ-ийг сүүлийн 12 жил болоогүй супер тэмцээн болохыг дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Учир нь ирэх онд БНСУ-ын Пёнчанд болох өвлийн олимпод Үндэсний хоккейн лиг /NHL/-ийн шилдэг хоккейчдыг оролцуулах тохиролцоонд хүрч чадаагүй Олон улсын хоккейн холбоо /IIHF/ Хойд Америкийн тоглогч бүрт багагүй мөнгөн шагнал өгөхөө амалжээ. Мөн энэхүү тэмцээнд Европын лигүүдийн шилдэг од болсон тоглогчид хүрэлцэн ирсэн юм.
Ч.БОЛОР