Орос, Турк Сирийн төлөө нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.05.10-нд нийтлэгдсэн

Орос, Турк Сирийн төлөө нэгдлээ

Omar Sanadiki/Reuters

Сирид аюулгүйн бүс байгуулах тухай тунхаглалыг Оросын Гадаад хэргийн яам цахим хуудсандаа нийтэлжээ. Тунхаг бичигт Орос, Турк, Иран гурван улсын эрх баригчид Астана хотноо тавдугаар сарын 4-нд болсон хэлэлцээрийн үеэр гарын үсэг зурсан байв. Түүнчлэн ОХУ ба АНУ-ын цэргийнхэн Сирийн агаарын орон зайд нислэгийн аюулгүй байдлыг хангаж, сөргөлдөөнд хүргэхгүй байх өөр нэгэн тунхгийг сэргээх талаар тохиролцжээ. Эдгээр тохиролцоо, тунхаглал нь дайны хөлд нэрвэгдээд буй Сирийн хурцатмал байдлыг намжаана гэж шинжээчид дүгнэж байна. Өнгөрсөн хугацаан дахь хамгийн боломжит, хамгийн бодит алхам нь энэ ажээ. 

Оросын ГХЯ-ны сайтад нийтлэгдсэн тунхаглалын дагуу энгийн иргэдэд зориулсан дөрвөн бүс байгуулах гэнэ. Мөн тунхагт гарын үсэг зурсан орнууд зургадугаар сарын 4-ний дотор аюулгүйн бүсийн хилийг тогтоосон зураг гаргах бөгөөд сөрөг хүчний зэвсэгт бүлгийнхнийг террористуудаас ангилан тусгаарлах алхам хийх ажээ. Гэхдээ энэхүү тунхаг бичиг нь "Исламын улс", "Жебхат ан-Нусра" зэрэг террорист бүлэглэлүүдийг хүлээн зөвшөөрч, тэдэнтэй хийх тэмцлээ зогсоож буй хэрэг огтхон ч биш гэдгийг ОХУ-ын Батлан хамгаалах яам онцолсон байна.

Тунхаглал гарын үсэг зурсан өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна. Эхнээсээ үр дүнгээ өгч, тунхагт гарын үсэг зурсны дараах эхний өдрүүрд харьцангуй тайван өнгөрснийг ажиглагчид онцолж байгаа юм. 

Хомс хотын ойролцоо Сирийн армийн бааз руу галт зэвсгээр халдсан тохиолдол гарсны дараа Туркийн талтай холбогдож, дээрх ажиллагааг "Жебхат ан-Нусра" бүлэглэл зохион байгуулсныг тогтоожээ. Улмаар хариу гал нээж, тэднийг дарж авсан гэнэ. 

Энгийн иргэдийг дайны аюулаас хамгаалах зорилготой, дайны үйл ажиллагаанаас ангид аюулгүй бүсийг тэд Идлиб муж, Хомс хот, Сирийн нийслэлийн дагуул Зүүн Гута хотод, мөн өмнөд хэсгийн Дарья хотын ойролцоо байгуулах аж. Дээрх дөрвөн бүсийн дотор зэвсэг хэрэглэхийг хориглосон бөгөөд хүмүүнлэгийн тусламж, эмнэлгийн үйлчилгээг чөлөөтэй нэвтрүүлж байхаар талууд тохиролцжээ. 

Аюулгүйн бүсийг цэргийн хүчээр хамгаална. Одоогоор аль орны цэргийн хүчин энэ ажиллагаанд оролцох нь тодорхойгүй байна. Төвийг сахигч орнуудын цэргийн хүчин байж ч магадгүй ажээ. 

Ер нь бол иймэрхүү бүс байгуулахыг Барак Обама ерөнхийлөгчөө албаа шилжүүлэхийн өмнө санал болгож байсан юм. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ч үүнийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байв.  Харин Дамаск тийм бүс байгуулах нь тус орны тусгаар тогтнолд аюул заналтай гээд авч хэлэлцэлгүй өнгөрөөж байлаа.

Харин өнөөдөр Сирийн хэрэг явдалд оролцогч  талууд  ийм арга хэмжээ авах  нь зүйтэй гэж үзсэн бололтой. Тийм ч учраас Сирийн албан ёсны Засгийн газар нь үүнийг зөвшөөрчээ.  Үүний зэрэгцээ ОХУ, АНУ хоёр Сирийн агаарын нислэгийн аюулгүй байдлын тунхаглалаа сэргээхийн зэрэгцээ Сирид сөргөлдөөнийг намжаах нэмэлт арга хэмжээг боловсруулахад хамтран оролцоно гэсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж