Өнгөрөгч долоо хоногт парламентад суудалтай гурван нам нэр дэвшигчээ тодруулснаар М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нар намаасаа нэр дэвших эрхээ олж авлаа. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу тэдний бичиг баримтыг шалгасны эцэст нэр дэвших эрхийг нь албажуулах ёстой. Тэр хүртэл бас чиг тодорхой хугацаа байна.
Учир нь, Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигч нарыг “Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх”, “Хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх”, “Ял шийтгүүлж байгаагүй эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэсэн хуулийн заалтын дагуу шалгаж үзсэний дараа л Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн өрсөлдөх нь албан ёсоор тодорхой болно гэсэн үг.
Сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 6-наас эхлэх хэдий ч нэр дэвшигчид хар пи-араа нэр дэвшсэн оройноосоо л эхлүүлсэн нь сошиалаар түгэх элдэв янзын “Sponsored”-оос харахад ойлгомжтой.
Улс төр ийнхүү үйл явдал, үзэл бодлоор буцалж байх зуур харин эдийн засагт ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах найдлагаас өөр ямар ч шинэ мэдээ дуулдахгүй байна. Эндээс харвал эдийн засгийнхан бүхэлдээ хүлээлтийн горимд шилжиж, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хэн болохыг гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчид ч холоос анхааралтай ажиглан сууна.
Шинэ оны өмнө Монголын Засгийн газартай “Шинхуа” группын ерөнхийлөгч Lu Bing, ерөнхий менежер Liu Xiang нар уулзаж, Тавантолгойн төслийг хөдөлгөх хэлэлцээ эхлүүлсэн ч гэнэт намжсан нь АН-ын экс дарга З.Энхболдын хийсэн мэдэгдлээс айсандаа ч биш хөрөнгө оруулагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг дуустал албан ёсны хэлэлцээ хийхгүй гэсэн санал гаргасантай нь холбоотой гэх.
Үндсэндээ Тавантолгой, Гацуурт зэрэг төслүүд таг зогссон нь ирэх зургадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ямар нэгэн алхам хийхээс гадаадын төдийгүй, үндэсний хөрөнгө оруулагчид ч болгоомжилж эхэлснийх юм.
Учир нь, хөрөнгөө оруулчихдаг эцэст нь хэн нэгэн эх оронч гарч ирээд зуудаг нохдоо өмнөөс нь тавьчихвал яах вэ гэсэн айдас ч, болгоомжлол ч хүний өөрийнгүй байна. Тэр тусмаа улс төрийн хэрүүлийн сэдэв болоод удаж байгаа Тавантолгойн хөрөнгө оруулагчдын хувьд аль нам ялалт байгуулах нь хамгийн чухал асуудал байх нь мэдээж.
Гацууртын төслийг 2017 ондоо багтаан хөдөлгөхөөр төсвийн тодотголд суулгаж өгсөн ч албан ёсны гэрээг хэзээ батлах нь мөн л Ерөнхийлөгчийн сонгуулиас шалтгаалан тодорхойгүй шалтгаанаар хойшилсон байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс орд ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж “Сентерра гоулд” өгсөн ч хөрөнгө оруулагчдын хувьд энэ ондоо багтаан үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэсэн найдлага багатай байгаа аж.
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын суваг нээгдсэн ч томоохон төслүүдээ хөдөлгөхгүйгээр эдийн засгийн хямралаас гарч чадахгүй гэдгийг П.Хашчулуун, Ч.Отгочулуу нарын эдийн засагчид хэлж буй. Гэвч, жилийн эхний хоёр улирал бүтэн улстөржиж, гуравдугаар улиралд нь найр наадам зугаалга гээд явчихдаг монголчуудын байр байдлаас харахад энэ жил эдийн засагт нэн чухал төслүүд явахгүй гэдэг нь тодорхой болжээ.
Нөгөөтэйгүүр ОУВС-гийн хөтөлбөрт Монголын Засгийн газар хамрагдлаа гэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн улс орнуудын төрийн тэргүүний сонгуульд аль нам ялахаас хамаарч бас харзнаж байгааг улс төрийн хүрээнээс хэлэх болсон.
Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намууд улс төрд мөнгөө цацаад эхэлсэн бол бизнесийнхэн сонгуулийн санал хураалтын дүн гартал ямар нэгэн эрсдэл хийхийг хүсэхгүй байна.
Ж.ЭРХЭС