Монгол, Вьетнам улсын гадаад худалдааны эргэлт өссөөр 2016 онд 43 сая ам.долларт хүрчээ. Боломжоо харвал энэ нь чамлахаар үзүүлэлт аж.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Вьетнам улсын дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинийн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд талууд гадаад худалдааны эргэлтийг өсгөх арга замыг эрэлхийлж, хөдөө аж ахуйн салбарт хамтрах алхмаа нэг шатаар урагшлууллаа.
Гүн хөлдөөсөн ямааны мах экспортолно
Монголоос Вьетнам руу гүн хөлдөөсөн ямааны мах экспортлох хэлэлцээний суурийг талууд өнгөрсөн дөрөвдүгээр сард тавьжээ. Халуун орон учраас сэрүүн чанарын махыг хүнсний хэрэглээндээ түлхүү хэрэглэдэг байна. Хэрэглээг нь хангаж чадах орны нэг нь Монгол Улс аж.
Эхний удаад таван компанийн бэлтгэсэн гүн хөлдөөсөн ямааны мах импортоор авна, одоо туршилтын журмаар гаргахаар манай тал бэлтгэж байна. Энэ онд Вьетнам руу экспортлох махыг 20 тоннд хүргэнэ, цаашдаа 200 тоннд хүргэх зорилт тавьжээ. Экспортлох мах нь ямааны гүн хөлдөөсөн мах, боловсруулсан мах байх аж.
Вьетнам улс нь 95 сая хүн амтай, 2016 онд үндэсний нийт бүтээгдэхүүн нь 219.4 тэрбум ам.долларт хүрчээ. Эдийн засгийг тэтгэдэг гол салбарынх нь нэг хөдөө аж ахуй боловч хүн амынх нь голлох хүнсний нэгд тооцогдож ирсэн ямааны махыг дотоодоосоо хангах бололцоо хомс аж. Учир нь 27.7 сая гахай, 7.7 сая үхэр/2.5 сая одос үхэр/, 1.2 сая ямаа, хонь, 88 мянган адуу, 341.9 сая гэрийн тэжээмэл шувуутай юм байна.
Монгол Улс 60 сая гаруй толгой малтай, үүний 25.5 сая толгой нь ямаа юм. Энэ нь ямааны мах экспортлох бүрэн боломжтойг харуулж байгаа.
Монголоос импортоор авахыг сонирхож байгаа бүтээгдэхүүн зөвхөн мах, махан бүтээгдэхүүнээр хязгаарлагдсангүй. Арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг импортлох хүсэлтэй байгаагаа энэхүү айлчлалын үеэр хөндлөө.
Вьетнам далайн бүтээгдэхүүн экспортолно
Хоёр улсын гадаад худалдааг харилцан ашигтай, эргэлтийг нь өндөр болгохын тулд Вьетнам улс нь Монгол Улс руу далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн экспортлохоор болж, тохиролцоонд хүрлээ. Мөн цахилгаан бараа экспортлох юм.
Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь гүн хөлдөөсөн байх аж. Тус улсад загасны аж ахуйн үйлдвэрлэл нэлээд өндөр хөгжсөн бөгөөд зөвхөн экспорт нь жилдээ 28 тэрбум ам.долларт хүрдэг байна.
Монголд загас байдаг ч энэ төрлийн аж ахуй төдий л хөгжөөгүй. Иймээс далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэглээг голчлон импортоор хангадаг. Хоёр талын хэлэлцээрийн дүнд “Вьетнамд үйлдвэрлэв” шошготой далайн бүтээгдэхүүн орж ирэх боллоо.
Мөн цагаан будаа, чихэр зэрэг бүтээгдэхүүн ч импортлогдох боломж нээгдлээ.
Газрын тосны салбарт хамтрахыг хүсэв
Вьетнам улсын гадаад худалдаа 2016 онд 349.2 тэрбум ам.долларт хүрчээ. Экспортын орлого нь 2015 оныхоос 8.6 хувиар буюу 175.9 тэрбум ам.доллараар өссөн бол импорт нь 173.3 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 4.6 хувиар өссөн үзүүлэлт аж.
Байгалийн гол баялагт нь фосфор, нүүрс, хром, далайн эрэг орчмын газрын тосны орд газрууд, байгалийн хий, ой мод, далайн бүтээгдэхүүн, каучук багтаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Вьетнам улсын дэд ерөнхийлөгч хатагтай Данг Тхи Нгок Тхиний бараалхах үеэрээ Монгол Улстай газрын тосны салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэхүү хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хэлэлцээрийн ширээний ард суухдаа мөн тавьсан юм.
Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнээ ОХУ-аас импортоор авч хангадаг. Газрын тосны нөөцтэй боловч боловсруулах үйлдвэртэй болох асуудлыг олон жил ярьж байгаа ч ажил хэрэг болгож чадаагүй. Иймээс Вьетнам улс газрын тосны салбарт хамтрах хүсэлт тавьсан нь үйлдвэр байгуулахад хамтрах сонирхол байв уу, эсвэл өөр зорилготой юу гэдэг энэ удаагийн айлчлалаар төдий л тодорхой мэдээлэгдсэнгүй.
Оюутны тэтгэлгийн хэмжээг нэмнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Вьетнам улсын дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинийтэй албан ёсны хэлэлцээ хийх үеэр хоёр талын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа оюутны тоог нэмэх бус тэтгэлгийн хэмжээг нэмэх. Мөн суралцаж байгаа салбарыг нь өргөтгөх. Ингэхдээ хөдөө аж ахуйн салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд Вьетнам улстай хамтрах сонирхол байгаагаа илэрхийлснийг хүлээн авлаа.
Одоогоор Монголоос Вьетнамд 60 орчим оюутан тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг бол Вьетнам улсаас Монгол Улсад 30 орчим оюутан мөн л Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг ажээ.
Вьетнам оюутнууд гол төлөв олон улсын харилцаа, мал эмнэлэг, биотехнологийн чиглэлээр Монголд боловсрол эзэмшдэг бол монгол оюутнууд Вьетнамд анагаах ухаан, гадаад харилцаа, олон улсын харилцаагаар суралцдаг байна.