Цай зөөдөг хүүхдүүд гишүүдэд зөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2017.05.09-нд нийтлэгдсэн

Цай зөөдөг хүүхдүүд гишүүдэд зөвлөж байна

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржоос тодрууллаа. Энэхүү яриагаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Анхдугаар зөвлөлдөх санал асуулгатай уялдуулж хийсэн юм.


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Анхдугаар зөвлөлдөх санал асуулга боллоо. Та энэхүү санал асуулгыг хэрхэн дүгнэсэн бэ?

-Монголчууд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг Монголд оруулж ирээд, ард иргэдээсээ асууж байгаа нь ардчилсан Үндсэн хуулийг дагаж орж ирсэн асар том ололт. Ард түмнээсээ асуусан гээд юмыг далдуур шийддэг байсан үеийг бид мартаагүй. Энэ зүйл биднээс нэлээн алсарч, ард үлджээ. Тийм учраас би үүнийг дэмжиж оролцсон. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон Монголын ард түмэн их ухаантай хэрсүү байна. Санамсаргүй түүвэртэй учир зарим зүйлийг нь ойлгоогүй хүмүүс байсныг үгүйсгэхгүй. Үндсэн хуулиасаа санал асуулгаа эхэлж байгаа нь өөрөө том түүх, өөрөө том үзэгдэл, өөрөө том дэвшил юм.

Монголчууд хаалттай нийгмээс гараад социалист дээлээ тайлаагүй байхдаа Үндсэн хуулийг боловсруулсан. Сайн ч Үндсэн хууль, одоо засах цаг болсон. Өнөөдөр бидэнд оюуны туршлага бий болсон. Судалгаа ч сайн хийсэн байна. Монгол хүн чинь Монгол Улсаа мэдэхгүй мөртлөө дэлхийг мэддэг. Социализмын үед ч тийм байсан, одоо ч тийм. Тиймээс бидний мэдсэн туршлага, мэдээлэл, хуримтлуулсан туршлага өөрчлөлт хийхэд амаа бариад байхааргүй болов уу гэж бодож байна.

-Анхдугаар санал асуулгаар хоёр шатлалтай парламент, хоёр танхимтай парламент гэх мэт асуудлыг хөндөж оруулж ирсэн байсан. Үүнийг та дэмжиж байгаа юу?

-Ардын их хурал, Бага хурал гээд хоёр шатлалтай парламентын асуудал Анхдугаар зөвлөлдөх санал асуулгаар орж ирсэн. Хэрэв Үндсэн хуульд энэ асуудлыг тусгах юм бол түүхийн хүрд буцаж эргэх гээд байгаа юм. Хоёр шатлалтай парламентыг түүхийн хувьд туршаад ардаа үлдээсэн. Энэ нь БНХАУ, Лаос гэдэг ч юм уу социалист улс оронд байдаг хэлбэр. Бидний тухайд 25 жил парламентаа нэлээн сайн хөгжүүлсэн. Одоо ухрах эрх байхгүй. Яваандаа 10-30 жилийн дараа хоёр шатлалтай парламент биш хоёр танхимтай парламентын тухай асуудал яривал өөр. Тиймээс дээрх асуудал олон нийтийн дэмжлэг авахгүй. Хоёр шатлалтай парламентын асуудал яривал Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга руу орно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуультай ч энэ нь нийцэхгүй. Тиймээс энэ асуудал цааш явахгүй болов уу.

-Өнгөрсөн парламентын үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл орж ирж байсан. Тэрхүү төсөлд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх заалт ч байсан. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй юу?

-Өнөөдрийн тухайд УИХ-ын ажлын аппаратыг бэхжүүлэх хэрэгтэй. Цай зөөдөг, хөнгөн шингэн, хүүхэд залуус одоо ажиллаж байна. Эдний оронд дор хаяад миний дайтай гурван хүн байвал хууль тогтоох үйл ажиллагааны чинь чадвар сайжирна. УИХ-ын гишүүн болчихвол билгийн чанадад хүрчихлээ, хууль бичих юм байна гэж андуураад байдаг. Ард түмний итгэл авсан хүн гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Тэдэнд зөвлөх туслах, хуулийг боловсруулахад зөвлөх хүн нь эрдэмтэн мэргэд байх хэрэгтэй юм.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар зарим улстөрчид ярьж байна. Харин та ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хуваарилалтад өөрчлөлт оруулъя, Засгийн газраа эрх мэдэлтэй болгоё гэж байгаа нь маш чухал. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах том шаардлага бол УИХ-д хэтэрхий эрх мэдэл олгосон явдал. Өөрөөр хэлбэл, гурван эрх мэдлийг хяналт, тэнцвэртэй байна гэдэг. Тэгсэн мөртлөө хамаг эрх мэдлээ УИХ-д овоолчихсон нь улс орны хөгжилд саад болж байгаа юм байна гэдгийг улстөрчид өөрсдөө ойлгосон нь сайн хэрэг. УИХ өөрөө авчихсан эрх мэдлээ хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх засаглал руугаа шилжүүлье гэж байгаа нь сайн дэвшил. Би энэ санаачилга гарахгүй болов уу гэж олон жил ярьж байсан.

Одоогийн төслөөр Засгийн газрыг Ерөнхий сайд дангаараа байгуулах тухай яригдаж байна. Үндсэн хуулийн бичгээр парламентын улсад Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа томилдог, Ерөнхий сайдын саналаар сайд нараа томилдог жишиг байдаг. Энэ жишиг рүү орох байх. Түүнээс бус парламентын улсын сонгодог жишгээс гадуур Ерөнхийлөгч оролцдоггүйгээр Засаг байгуулагдаж болохгүй. Парламентын сонгодог загвараар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэдэг хүн чинь хоёулаа Их хурлаасаа сонгогдож гарч ирж, нэг эрх мэдэлд багтаж ажиллах юм. Гүйцэтгэх засаглал буюу төрийн тэргүүн гэж өндөр албан тушаалтан байхад оролцоогүйгээр засаг байгуулах ойлголт яваад байгаа. Энэ нь явцын дунд залруулагдах байх гэж би бодож байна.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх хувилбар яригдаж байна. Энэ нь Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэг ойлголт өөрчлөгдөж, ялсан намын төлөөлөл Ерөнхийлөгчийн суудалд суух тухай асуудал биш үү. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-АНУ-ын Ерөнхийлөгчийг төлөөлөгчид нь сонгоод явдаг. Тэгэхээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп шууд бус төлөөллөөр сонгогдож байна. Гүйцэтгэх засаглалыг нэг болгохын тулд парламентаас сонгодог. Шууд энэ 76-гаар шийдэхгүй, дор хаяж дахин 76 төлөөлөл нэмдэг. Тэд нь орон нутгийн Засаг захиргааны төлөөлөл байдаг. Шууд сонгогдоогүй ч гэсэн ард түмнээс мандат авсан хүмүүс сонгож байгаа нь буруу зүйл биш.

-Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал асуулга явуулах гэж байгаа. Цаг хугацааны хувьд амжих болов уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт нэмэлт өөрчлөлтүүдийг бичиж боловсруулаад, нарийн сайн боловсруулахад хэцүү асуудал их тулгарна. Миний хувьд амжих эсэх дээр эргэлзэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаруу сандруу хийж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгууль болдгоороо болог. М.Энхболд даргын хэлснээр долоо хэмжиж, нэг огтлох гэж байгаа бол зургадугаар сарын 29-нөөс цааш ултай, суурьтай хандах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж