Нисэхийн Залуучуудын холбооны тэргүүнээр Э.Энхзориг сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2017.05.09-нд нийтлэгдсэн

Нисэхийн Залуучуудын холбооны тэргүүнээр Э.Энхзориг сонгогдлоо

Иргэний нисэхийн Залуучуудын холбоо /ИНЗХ/-ны тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж шинэ тэргүүнээ сонголоо. Хурлын эхэнд ИНЗХ-ны тэргүүн, Нисэхийн сургалтын төвийн дадлагажуурын хэсгийн ахлах мэргэжилтэн С.Батхуяг 2011 оны 5 дугаар сараас хойшхи үйл ажиллагааны тайлангаа тавьсан юм. ИНЗХ өнгөрсөн хугацаанд салбарын залуучуудыг сургалтанд хамруулах, бусад байгууллагын залуучуудын холбоотой хамтарч харилцан туршлага солилцох, тойрон аялал зохион байгуулах, тэргүүний залуучуудыг шагнаж урамшуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллажээ. Тухайлбал, ТЭЦ-4, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоо, Монголын Залуучуудын холбоотой хамтарч тойрон аялал зохион байгуулсан. Түүнчлэн салбарын залуучуудтай уулзалт хийх, МЗХ-ноос зохион байгуулж буй хуралд идэвхитэй оролцох, хүмүүнлэгийн аян зохион байгуулах, нийслэл хотынхоо цэцэрлэгжүүлэлтийн аянд оролцох зэрэг ажлыг хийжээ. Иргэний нисэхийн салбарын залуучуудыг нэгтгэсэн холбооны хувьд “Жаргалант” сэргээн засах амралтыг хувьчлахын эсрэг идэвхитэй ажиллаж холбогдох албан тушаалтнуудад албан бичиг хүргүүлж байсан байна.

ИНЗХ нь 1957 онд анх үүсэн байгуулагдсан гэж үздэг. Тус онд Агаарын харилцааны газар анх байгуулагдахад түүний дэргэд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо байгуулагдаж анхны даргаар МУ-ын Гавъяат нисгэгч С.Жанар сонгогдож байжээ. С.Батхуягийн хувьд 2011 оны 5 дугаар сараас хойш ИНЗХ-ны тэргүүнээр сонгогдон ажилласан. Тэрбээр дараагийн залуу үеэ дэмжих, өөр ажилд томилогдож байгаатайгаа холбоотойгоор өөрийн хүсэлтээр ИНЗХ-ны тэргүүний суудлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргажээ.

Тэргүүлэгчдийн хурлаар С.Батхуягийн хүсэлтийг хүлээн авч улмаар дараагийн шинэ тэргүүнээр ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын тасгийн дарга Э.Энхзоригийг 100 хувийн саналаар сонголоо. Түүнчлэн тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулан Дэд тэргүүнээр С.Батхуягийг сонгосон юм. ИНЗХ-ны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд авиа компаниудын залуучуудын төлөөлөл мөн орж байна.

Э.Энхзоригийн хувьд 2007 оноос хойш Ерөнхий зориулалтын нисэхийн салбарт мэргэжлийн ажлын гараагаа эхэлсэн, 2008-2014 онд “86400” нийгмийн хөгжлийг дэмжих төвийн Удирдах зөвлөлийн гишүүн, 2007-2014 онд“Геосан” авиа компанид “Cessna-208” агаарын хөлгийн нисгэгч, 2013-2016 онд Монголын Залуу нисгэгчдийн холбооны тэргүүн, 2015-2016 онд “Монголын франчайзинг” хөгжлийн ассоциацийн Гүйцэтгэх захирал, 2016 оноос ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын тасгийн даргаар ажиллаж байна.

ИНЗХ-ны тэргүүлэгчдийн хуралдаанд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн оролцож салбарын залуучуудаа хөгжүүлж, боловсруулах чиглэлд идэвхитэй үйл ажиллагаа явуулахыг хүсч хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: ИНЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж