“Хоромхон” хүчтэй өрсөлдөгч “Эф Си Улаанбаатар”-ыг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2017.05.08-нд нийтлэгдсэн

“Хоромхон” хүчтэй өрсөлдөгч “Эф Си Улаанбаатар”-ыг буулган авлаа

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Арвайн үндэс ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн шинэ улирлын хоёрдугаар тойрог өнөөдөр эхэллээ. Хоёрдугаар тойргийг нээж “Эф Си Улаанбаатар” болон “Хоромхон” клубүүд тоглоход “Хоромхон” эерэг үр дүн авч чадлаа. Тоглолтын эхний гоолыг “Эф Си Улаанбаатар” клубийн Япон довтлогч Мотохиро Канаширо 19 дэх минутад “Хоромхон”-ы хаалгач болон хамгаалагчдын үл ойлголцлыг ашиглан оруулав. Тийнхүү “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн хүрээнд “Хоромхон”-той хийсэн сүүлийн дөрвөн тоглолтод хожигдоогүй гэсэн эерэг үзүүлэлттэй талбайд гарсан “Эф Си Улаанбаатар” эхний үед 1:0-ээр илүүрхсэн юм. Гэхдээ “Хоромхон” бууж өгөх болоогүй гэдгийг залуу довтлогч Б.Балжинням хоёрдугаар үеийн 47 минутад оруулсан гоолоороо харууллаа. Өдгөө 18 настай Б.Балжинням лигийн гурав дахь гоолоо “Эф Си Улаанбаатар” клубийн хаалганд шигтгэсэн бол АНУ-ын легионер Нигель Робинсон 72’ минутад “Хоромхон”-ы нэрийн өмнөөс анхны гоолоо оруулав. Нигель Робинсоны гоолын дараа “Эф Си Улаанбаатар” оноо авахын төлөө хүчтэй өрсөлдөөн өрнүүлсэн боловч нэг бус удаа гоолын боломж алдан, тоглолт 1:2-оор “Хоромхон”-ы хожлоор өндөрлөлөө.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж