Гурав дахь жилдээ “Хүрхрээ” нэрээр зохиогдож буй үндэсний дээд лигийн энэ улирлын хоёрдугаар тойргийн ээлжит нэгэн тоглолт “Атлетик 220” болон “Хангарьд” багуудын хооронд өрнөлөө. Үндэсний дээд лигийн хүрээнд анх удаа учраа таарч буй багуудын тоглолт тун ширүүн уур амьсгал дор өрнөсөн ч хаалганы тор цөөн хөдөллөө. Нэгдүгээр үеийн 35 дахь минутад “Хангарьд”-ын Орос легионер Владимор Ульдяков өрсөлдөгч багийн тоглогчийг өшиглөж улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн юм. Түүнчлэн “Хүрхрхээ үндэсний дээд лиг”-ийн өнгөрсөн жилийн шилдэг хамгаалагч Д.Төрбат талбайг чөлөөлсөн гэх мэт үйл явдлууд эхний хагас боллоо. Хэдийгээр хүн дутуу ч өнгөрсөн жилийн мөнгө медальт “Хангарьд” хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байв. Гэхдээ хоёрдугаар үеийн 53 дахь минутад Н.Наранболд, Надер Хамедын дамжуулалтаар “Хангарьд”-ын хаалгач Б.Сэр-Одын хаалганд гоол орууллаа. Н.Наранболдын энэхүү гоолын ачаар доод лигээс дэвшин гарч ирсэн “Атлетик 220” өнгөрсөн жилийн мөнгөн медальт “Хангарьд”-аас бүтэн оноо салгаж чадлаа.
Эх сурвалж: МХБХ