Өнөөдөр фашизмыг ялсны 72 жилийн ой тохиож байна. Ялалтын баярын жагсаал ОХУ-ын Москва хотын Улаан талбайд орон нутгийн цагаар өглөө 10 цагт эхэлнэ. Аугаа их Эх орны дайны ялалтын баярын цэргийн жагсаал жил бүр уламжлал ёсоор Москва хотод зохион байгуулагддаг. Тэгвэл энэ төрлийн цэргийн жагсаал дэлхийн долоон улсад мөн адил зохион байгуулагддаг юм байна.
ХОЙД СОЛОНГОС
Он сар өдөр: Жил бүрийн аравдугаар сарын 10
Учир шалтгаан: Хөдөлмөрийн намын баяр
Оролцогчдын тоо: 20 мянга
Дэлхийн хамгийн сүр жавхлант цэргийн томоохон парад Хойд Солонгост зохион байгуулагддаг ажээ. Пхеньян хотын Ким Ир Сены нэрэмжит талбай дээр эртний болон орчин үеийн хувцастай цэргүүд жагсдаг юм. Цэргийн сүр жавхлант жагсаалын үеэр Хойд Солонгосчууд шинэ пуужин, агаарын хөлөг, зэвсэг техникээ олон нийтэд танилцуулдаг. Энэ бол тус улсын цор ганц цэргийн парад биш. Тэд жил бүр Ким Ир Сены төрсөн өдөр болон 1950-1953 оны Солонгосын дайны өдөрт зориулан цэргийн парад зохион байгуулдаг ажээ.
ХЯТАД УЛС
Он сар өдөр: 2015 оны есдүгээр сарын 3
Учир шалтгаан: Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жил
Оролцогчдын тоо: 13 мянган
БНХАУ-д 2015 онд Дэлхийн хоёрдугаар дайнд зориулсан анхны цор ганц цэргийн парад зохион байгуулдагсан. Энэ нь БНХАУ-ын түүхэнд хамгийн том цэргийн парад байв. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд зориулсан жагсаалд 12 мянган хятад цэрэг, 13 улсын мянга гаруй цэрэг оролцжээ. Тус парадад 35 улсын удирдагч 500 зэвсэгт техник болон 200 нисдэг тэрэг оролцож байв.
СИНГАПУР
Он сар өдөр: Жил бүрийн наймдугаар сарын 9
Учир шалтгаан: Үндэстний өдөр
Оролцогчдын тоо: арван мянга
Малайзийн холбооноос Сингапур улс гарах тухай 1965 оны хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрийг тохиолдуулан жил бүр цэргийн парад зохион байгуулдаг уламжлалтай. Жагсаалын үеэр явган цэрэг, агаарын хүчин, зэвсэгт техникийг олон нийтэд танилцуулдаг ажээ. Цэргийн сүрт жагсаалыг сонирхох хүмүүсийн тоо жил бүр ихэсч байгаа учир 2003 оноос эхлэн тус улсын засгийн газар тасалбарыг интернетээр борлуулах болжээ. Цэргийн жагсаалд 20 сая ам.доллар зарцуулдаг юм байна.
ЭНЭТХЭГ
Он сар өдөр: Жил бүрийн нэгдүгээр сарын 26
Учир шалтгаан: Бүгд Найрамдах Засаглалыг тунхагласны өдөр
Оролцогчдын тоо: есөн мянга
Энэтхэг улсад үндсэн хууль болон бүгд найрамдах засаглалыг тунхагласны өдөрт зориулан 1950–аад оноос эхлэн цэргийн парад зохион байгуулах болжээ. Цэргийн жагсаалд тэмээн болон морьт цэрэг оролцдог. Мөн цэргүүд мотоцикл дээр акробат үзүүлбэр үзүүлдгээрээ бусад цэргийн жагсаалаас ялгаатай ажээ. 2016 онд тус парадад Францын цэргүүд оролцож байсан бол 2017 онд Арабын Нэгдсэн Эмират улсын цэргүүдийг оролцохыг албан ёсоор урьжээ.
ФРАНЦ
Он сар өдөр: Жил бүрийн долдугаар сарын 14
Учир шалтгаан : Бастилииг эзэлсэн өдөр
Оролцогчдын тоо: 5-7 мянга
Бастилийг эзэлсэн өдөрт зориулсан анхны цэргийн парад нь 1880 онд зохион байгуулсан бөгөөд европын хамгийн том, эртний цэргийн парад юм. Парадыг жил бүр 3,5 сая еврогоор зохино байгуулдаг ажээ. Тус парадад долоон мянган цэрэг 300 зэвсэгт техник, 240 морь, 80 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцдог юм байна.
БЕЛАРУСЬ
Он сар өдөр: Жил бүрийн долдугаар сарын 3
Учир шалтгаан: Тусгаар тогтнолын өдөр
Оролцогчдын тоо: 3-5 мянган цэрэг
Беларусь улс тусгаар тогтнолоо зарласан өдөрт зориулсан цэргийн парад зохион байгуулдаг уламжлалтай. 1996 оноос хойш цэргийн парадыг долдугаар сарын гуравны өдөр зохион байгуулахаар тогтсон. Үүнд 1.5 сая ам.доллар зарцуулдаг ажээ. Парадад таван мянган цэрэг 400 зэвсэгт техник тоног төхөөрөмж оролцдог юм байна.
ТУРК
Он сар өдөр: Жил бүрийн наймдугаар сарын 30
Учир шалтгаан: Ялалтын баяр
Оролцогчдын тоо: 3-5 мянга
Тусгаар тогтнолын төлөөх дайнд ялсны өдрийг тохиолдуулан 1924 оноос эхлэн ялалтын баярыг тэмдэглэх болсон. Энэ үеэр шинэ зэвсэг техник технологио танилцуулдаг. 2015 онд нисдэг тэрэг Т-129 болон байлдааны танк Altay танилцуулсан билээ. Харин 2016 онд байлдааны техник болон агаарын хөлөг оролцоогүй. Учир нь 2016 оны зургаадугаар сард Туркт цэргүүдийн төрийн эргэлт амжилтгүй болсны дараа цэргийн баазыг томоохон хотоос гаргах шийдвэр гаргасантай холбоотой юм.
БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ