Өнгөрсөн долоо хоногт Богдхан ууланд хоёр ч түймэр асч Онцгой байдлын алба, Богдхан уулын захиргааны ажилчин, албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны аманд гурван га талбайг хамарсан ойн түймэр гарсныг мөн аврах, шуурхай албаны албан хаагчид унтраахаар ажиллаж байгаа төдийгүй түймэр тархсан ихэнх талбайг цурманд оруулаад байгаа гэнэ.
Он гарсаар улсын хэмжээнд 40 гаруй ой хээрийн түймэр гарсан байна. Тухайлбал, Хэнтий, Төв, Дорнод, Булган аймагт нэлээд бүртгэгджээ. Гадаа хуурайшилт ихсэж байгаа энэ үед иргэд, аж ахуй нэгжүүд амралт зугаалахаар явахдаа анхаарал болгоомжтой байж, татсан тамхины ишээ унтраах, түлсэн галаа унтарсан эсэхийг сайтар шалгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.