Монгол, Вьетнамын бизнес эрхлэгчдийн уулзалт өнөөдөр/2017.05.09/ “Туушин” зочид буудалд боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Вьетнам улсын дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинийн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилготойгоор бизнес эрхлэгчдийг оролцуулсан уулзалт болсон юм.
Бизнес уулзалтад Вьетнамаас 20 орчим, Монголын талаас 40 орчим бизнес эрхлэгч оролцов. Эдгээр нь хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, оёдол, гутал, арьс ширэн эдлэл, эм үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбарт амжилттай яваа бизнес эрхлэгчдийн төлөөлөл аж.
Уулзалтын эхэнд Вьетнам улсын Хөрөнгө оруулалтын яам, Үйлдвэр худалдааны яамны дэд сайд нар Вьетнам улс нь хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэлд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тус улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж, эрх зүйн орчноо сайжруулсантай холбоотой аж. Дээрх хуулийн үр дүнд бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдсэн байна.
2016 оны байдлаар Үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/219.4 тэрбум ам.долларт хүрсэн бол нэг хүнд ногдох ҮНБ 2370 ам.доллартай тэнцдэг.
Хүн ам 100 сая орчим. Ажиллах хүчний нөөц ихтэй, дундаж цалин 400-500 ам.доллартай тэнцэж байна.
Эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй, мал аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний салбараас бүрддэг.
Гэхдээ мал аж ахуйн салбарын хувьд авч үзвэл малын тоо толгойг Монгол Улстай харьцуулахад 8 дахин бага юм байна. Иймээс хоёр тал харилцан тохиролцсоноор Монгол Улс Вьетнам руу хонь, ямааны мах экспортлох, Вьетнам улс Монгол руу далайн гаралтай бүтээгдэхүүн экспортлохоор болж, ажил эхэлсэн гэдгийг тодотголоо.
Гол нь Монголын бизнес эрхлэгчдийн зүгээс тавьж буй тулгамдсан асуудлын нэг нь тээвэрлэлт аж.
Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход онцгой нөхцөлд тээвэрлэх шаардлагатай болдог, энэ асуудал дээр хоёр тал нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл тодруулав.
Вьетнам улсын холбогдох албаны хүний тайлбараар бол Монгол, Вьетнамын хооронд худалдаа хийхэд зам, тээврийн асуудал тулгамдсан асуудал хэвээр байна. Хуурай газраар дамжуулах болоход тээвэрлэлт Хятадын нутгаар дамжих шаардлагатай. Учир нь Монгол Улс далайд гарцгүй. Тиймээс хоёр тал энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хятадын талтай хэлэлцэж байгаа асуудлууд бий гэнэ.
Харин Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчийн тайлбараар бол Хятадын нутаг дэвсгэрээр мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэх бол боловсруулсан байх шаардлага тавигдаж байна. Иймээс халууны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортолбол хэн, хэндээ хүндрэл учруулахгүй гэдгийг мөн тодотголоо.
Энэ үеэр хөндөгдсөн чухал асуудал нь Монгол, Вьетнамын хооронд агаарын хөлөг шууд хөөргөж, хүнээ солилцон, аялал жуулчлалыг хөгжүүлэх бололцоо байна гэдгийг тодотголоо.
Мөн газрын тосны салбарт хамтрах сонирхол байгаагаа илэрхийлэв.
Вьетнам улсын дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхахдаа энэ саналаа илэрхийлсэн бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хэлэлцээ хийхдээ мөн хөндөж тавьжээ.
Онцлоход, хоёр талын бизнес эрхлэгчид оролцсон энэхүү арга хэмжээ нь гурав дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Анхных нь 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Вьетнам улсад айлчлахад хоёр талын 120 гаруй төлөөлөгчдөөс бүрдсэн өргөн хүрээнд зохион байгуулагдсан бол хоёр дахь нь 2016 онд Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр болж, өндөрлөжээ. Энэхүү бизнес уулзалтад хоёр талаас 100 орчим бизнес эрхлэгчид оролцсон аж. Дээрх арга хэмжээний үеэр виз хөнгөвчлөх асуудал яригдсан. Гэхдээ одоогоор эцэслэсэн байдлаар энэ асуудлыг шийдвэрлэгдээгүй байна.
Монгол, Вьетнамын бизнес уулзалтад Вьетнам улсын дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинийн, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Фан Дан Дыөн болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэ удаагийн бизнес эрхлэгчдийг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Вьетнамын Худалдаа аж үйлдвэрийн холбоо хамтран зохион байгууллаа.
Монгол, Вьетнамын гадаад худалдааг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа гэрээ хэлцлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://www.news.mn/r/332224 линкээр үзэх боломжтой.
Г.ДАРЬ