“Зохист Дорно” хэвлэлийн газар уншигч та бүхэндээ Монголынхоо төдийгүй Өрнө, Дорнын уран зохиолын сонгомол бүтээлүүдийг хүргэcээр ирсэн юм. Тус хэвлэлийн газраас “Цагдаагийн номын сан” цуврал номуудыг 2016 оноос анхны номоо МУ-ын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Б.Дамдингийн тухай “Он цаг” номоор эхлүүлж байсан түүхтэй. Мөн “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг”, “Цагдаагийн генералууд”, “Би мөрдөн байцаагч” зэрэг номуудыг бичсэн цагдаагийн ахмад Б.Төгсжаргалын санаачилгаар олон ном бүтээхээр бэлтгэж байна.
“Цагдаагийн номын сан” цувралын үргэлжлэл болгож Оросын алдарт зохиолч Лев Шейнины “Мөрдөн байцаагчийн тэмдэглэл” номыг орчуулагч Х.Содномдаржаа, Г.Самдан нарын орчуулгаар хэвлүүлсэн. Энэ удаа Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэвийн “Дарьгангын гудамж” номыг хэвлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд МУСГЗ нэрт орчуулагч, утга зохиолын доктор Го.Акимын “Тэнгэрийн нохой”, МУСГЗ дуун хөрвүүлэгч, эрдэмтэн зохиолч Ц.Базаррагчаагийн “Нохойн дуун”, Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэнгийн “Хаврын урсгал”, МУСГЗ эрдэмтэн зохиолч, утга зохиолын судлаач шүүмжлэгч До.Цэнджавын “Од дэргэд чинь байгаа” өсвөр насныханд зориулсан роман, МУСГЗ Г.Акимын орчуулгаар Чингиз Айтматовын “Цаазын тавцан”, Габриэль Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал”, Оросын алдарт зохиолч А.Гайдарын “Чук Гек хоёр”, “Гаврийл ноён буюу Бригиттийн хийдийн мөхөл” зэрэг номуудыг уншигч олондоо өргөн барилаа. Мөн домог түүхийн өлгий, Дагшин нутаг Дарьгангын “Өвгөдийн оршсон нутаг” баримтат кино, сэтгүүлч арома судлаач Х.Эрдэнэцэцэг, Г.Халиун нарын “Анхилуун ургамлын увдис” судалгааны бүтээл, сэтгүүлч яруу найрагч Б.Төгсжаргалын “Айсуй”, “Хүн уул”, “Бясалгагч охины зүүд”, “Сэтгэлд уянгалах яруухан хөгжим шиг” зэрэг хорь шахам уран бүтээлчдийн ном зохиолыг хэвлүүлэн, урлаг соёлын томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулсан юм. 2016 онд орчуулагч А.Уранчимэгийн орчуулгаар Хятадын сонгодог өгүүллэгүүд “Күнзийн барьсан зоог”, “Хосгүй үзэсгэлэнт хэлгүй эхнэр”, яруу найрагч Л.Батцэнгэлийн “Ариун тэнгэрийн эрхшээл”, яруу найрагч, судлаач П.Батхуягийн “Цаг хугацааны бороо”, яруу найрагч Т.Содномнамжилын “Ганцхан”, зураач С.Төгсоюуны “Гэрэлт хөргүүд”, орчуулагч Д.Болортуяагийн франц хэлнээс орчуулсан “Том Дэвтэр”, Төрийн шагналт, яруу найрагч Долгорын Нямаагийн “Тэнгэрийн хаяа” зэрэг номуудыг эрхлэн гаргаад байна. Мэргэн уншигч таны мэлмий гийх болтугай!
Ч.БОЛ