БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд холбогдох анхан шатны шүүх хурал өнөөдөр Сөүлд болж байна. Шүүх хуралд Пак Гын Хэ очиж оролцоогүй бөгөөд түүний өмгөөлөгч Ёо Юунг Ха үйлчлүүлэгч нь буруугүй хэмээн өчсөн байна. Пак Гын Хэ нь гуравдугаар сарын 31-нээс саатуулагдаж байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралд заавал биеэр оролцох албагүй юм.
Пак Гын Хэд авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, улсын нууц задруулсан зэрэг 18 зүйл ангиар ял тулгаж байгаа бөгөөд хавтаст хэрэг нийтдээ 120 мянган хуудас байгаа хэмээн Ионхап агентлаг мэдээлж байна.
Пакын дотнын найз Чой Сун Шилээс үүдсэн дуулиан зургаан сар орчим үргэлжилсний эцэст гуравдугаар сард Пак албан тушаалаасаа огцорсон. Авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг 13 зүйл ангиар Пакыг буруутган прокурор шалгаж эхэлсэн боловч энэ долоо хоногийн эхээр Прокурорын албанаас мэдээлснээр Пакыг буруутгаж байгаа зүйл анги нэмэгдэн 18 болсон. Тухайлбал, улсын нууц задруулсан гэсэн зүйл анги нэмэгдсэн юм. Түүнд бүх насаар хорих ял оноож магадгүй хэмээн олон хүн таамаглаж байна.
“Самсунг”, “Лотте”, SK зэрэг Өмнөд Солонгосын том корпорациудаас авсан авлигын нийт хэмжээг 59 тэрбум 200 сая вон гэж үзэж байгаа бөгөөд үүнээс хамгийн их хэмжээний буюу 36 тэрбум 800 сая воныг “Самсунг” корпорациас авсан гэж буруутгаж байгаа юм.
Пак Гын Хэ нь Өмнөд Солонгосын түүхэнд авлига авсан хэргээр шүүхэд шүүгдэхээр болж буй гурав дахь ерөнхийлөгч болж байна.
А.ТУЛГА