Үндэсний програм хангамж хөгжүүлэгч Болорсофт компанийн бүтээсэн Болор алдаа шалгуур бүтээгдэхүүний цахим хуудас шинэчлэгдэж, хэрэглэгчдэдээ бүрэн хэмжээний мэдээлэл өгөхөөр болжээ.
Ганцхан бүтээгдэхүүнд зориулсан мэдээллийн хуудас ийм их мэдээлэлтэй байна гэдэг бүтээгдэхүүн нь өөрөө хэчнээн их хөдөлмөр шингэсэн, хэр их амжилт дагуулж байгааг илтгэх болов уу.
Тус цахим хуудас нь програм хангамжийн ажиллагааг харуулсан видео, ашиглах заавар болон боломжууд, статистик үзүүлэлт, эрдэмтэд болон хэрэглэгчдийн үнэлгээ, хэл шинжлэлийн тухай сонирхолтой нийтлэлүүд, цахимаар худалдаж авах үйлчилгээ зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээний цогц мэдээллийг агуулсан байна. Мөн хэрэглэгчид өөрт тохиолдсон асуудлаа шууд танилцуулж, асуугаад явах боломжтой шинэ платформыг үүсгэсэн нь оновчтой шийдэл санагдав. Зөвхөн Болорсофтынхон бус хэрэглэгчид өөр хоорондоо асуудлаа ярилцаж нэг нэгэндээ туслах боломжтой болсон нь тун аятайхан болжээ.
Энэхүү бүтээгдэхүүний талаар ширхэг ч мэдээллийг орхигдуулаагүй цахим хуудаснаас та Болор дуранг нэвт мэдэхээс гадна, үндэсний цахим бүтээлийн үлгэр жишээ байдлыг харах боломжтой болсон байна. Бид бүхэн бүгдээрээ тус програмыг хэрэглэснээр өнөөгийн нийгэмд ужгираад буй зөв бичих асуудлыг шийдэх бүрэн боломжтой зөв гарц шиг харагдаж байна. Нийтээрээ хэрэглэж занших нь чухал.
Өнөөдөр бид өдөр тутамдаа дандаа гадаадын том програмуудыг ашигладаг бөгөөд тэр хэрээрээ бидний шаардлага өсжээ. Болор дуран програм тэрхүү өндөр шаардлагад бүрэн нийцсэн бүтээл болж чадсаныг хэрэглэж үзсэн хүмүүс бүгд зөвшөөрөх байх аа. Үндэстэн орших хамгийн том баталгаа эх хэл нь байдаг бөгөөд эх хэлний дархлааг хамгаалж, хөгжүүлэхээр олон жил зүтгэж буй Болорсофт ХХК-ийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.
Г.ТҮШИГ