Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлоно

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлоно

Хотын дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр /2017.05.03/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй, бойкотлох хэрэгтэй. Үүгээр зогсохгүй луйврын төрийг төрүүлэн бойжуулж байгаа одоогийн тогтолцоог ч халах ёстой” гэлээ.

Гэр хорооллын иргэдтэй нэг бүрчлэн уулзаж луйврыг илчилнэ

Өчигдөр Ардчилсан намын байранд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон хэсэг иргэд цуглаан хийж, гомдол мэдүүлэн улс төрийн үйл ажиллагаа явуулсныг та бүхэн мэдэж байгаа. Үнэн хэрэгтээ эдгээр иргэдийн дунд төрийн албан хаагчид оролцсон. Нэн ялангуяа дахин төлөвлөлтийг хариуцах ёстой ажилтнууд оролцсон цуглааныг намын байранд хийлээ. Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан намайг гүтгэн гүжирдэж байгаа зорилго нь бидний хийсэн ажлыг мушгиж, гэр хорооллын ард иргэдийн өмч хөрөнгийг гадны хөрөнгө оруулалттай маш том луйвар хийх гэж байгаа. Энэ луйврыг мэдэж байгаа, илчлэх хүний хувьд над руу зориуд дайраад байгаа юм. 2016 онд намайг ажлаа өгөхөөс өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийн дуусаагүй барилгуудыг дуусгахаар 76.5 тэрбум төгрөг зарахаар төлөвлөөд үүний 40 тэрбумыг бэлэн болгосон байсан. Нийслэлийн төсөвд 20 тэрбум, арилжааны банкуудад 20 тэрбум тус тус суулгасан байсан. Ингээд 10 хувийн гүйцэтгэлээс дээш гүйцэтгэлтэй, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбай дээр эхэлсэн барилгуудыг дуусгахаар шийдвэрлэсэн. Энэ 25 барилга барьж дуусахад 3291 иргэн, энэ дотроо 1200 газраа чөлөөлсөн иргэд 2016 оны намар орон сууцанд орохоор төлөвлөгдсөн ажлууд хийгдсэн. Гэтэл С.Батболд Засаг дарга болж Ардын нам эрх барингуутаа энэ 20 тэрбумыг тодотголоор байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл 10-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа барилгын ажлуудын бүх төсөв хөрөнгийг зогсоосон. Одоо борлуулалтын хяналтыг өөрсдөө гартаа авсан бизнес хийхээр шийдэж байна. Гадныхнаар хөрөнгө оруулаад борлуулалтыг нь өөрсдөө авна. Энэ үйл ажиллагаагаа хаацайлахын тулд над руу гүтгэн гүжирдэх ажлыг хүчтэй явуулж байна. Иймээс би одоо гэр хорооллын иргэдтэй нэг бүрчлэн уулзана. Энэ луйврыг илчилнэ.

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотолъё гэсэн уриалгыг гаргаж байгаа. Яг үнэндээ сонгуулийг луйвардаж санал худалдаж авах ажлын бэлтгэл хангагдчихсан байна. Өөрөөр хэлбэл хууль бусаар төрийн эрх мэдлийг авах ажил хангагдсан. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Баянхонгор аймгийн намын гишүүдтэй уулзах үеэрээ хэлсэн “Өнгөрсөн жил 50 мянгаар санал худалдаж авсан. Энэ жил нэмэгдэх байх. Гэхдээ мөнгийг нь авчихаад саналаа өөрийн итгэл үнэмшлээр өгөөрэй” гээд учирлаад явж байгаа. Судалгаанд орлого багатай иргэдийн 70 орчим хувь нь мөнгөөр санал өгнө гэсэн байна. Хууль бусаар санал худалдаж авдаг явдлыг таслан зогсоохгүй бол тайван замаар дарангуйлал руу шилжих гэж байна. Хууль бусаар засгийн эрхийг авахыг нь мэдэж байж, саналыг нь худалдаж авахыг мэдсээр байж сонгуульд оролцоно гэдэг бол хамтран оролцогч болно гэсэн үг. Улс төрийн бусад хүчнүүдтэй ярьж байгаад бүх нийтийн бойкот хийх ёстой. Энэ талаар би намын даргадаа ч хэлсэн. Санал худалдан авалт урьд хожид байгаагүй өргөн цар хүрээтэй болно. Би ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг ч дэмжихгүй мөн оролцохгүй. Би гэр хороолол руугаа явна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж