Тайланд улс эмэгтэй ерөнхий сайдтай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Тайланд улс эмэгтэй ерөнхий сайдтай боллоо

Тайландын парламентын гишүүдийн талаас илүү хувь нь ерөнхий сайдад нэр дэвшсэн эмэгтэй нэр дэвшигчийг дэмжиж, тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо. Инглук Чиннават үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авахаас өмнө Тайландын хаан түүнийг Ерөнхий сайдын хэргэмд өргөмжлөх ёстой. Тайландын хаан Бумибол Адулядеж түүнийг Ерөнхий сайдаар зарлавал тэрбээр Тайландын 28 дахь ерөнхий сайд болох юм. Парламентын гишүүдийн санал хураалтад ойролцоогоор 500 гишүүн санал өгсний 296 нь Инглукийг дэмжсэн байна. 
Хатагтай Инглук өнгөрсөн долдугаар сард хийсэн мэдэгдэлдээ Ерөнхий сайдын үүргийг хүлээн авбал хамгийн түрүүнд иргэдийнхээ санхүүгийн байдалд анхаарах болно гэжээ.

Инглук нь Тайландын экс Ерөнхий сайд хамгийн туйлширмал улс төрчдийн нэг Таксин Чиннаватын дүү бөгөөд ноён Таксин 2006 онд цэргийн эргэлтээр албан тушаалаасаа шахан зайлуулагдсан юм. Зарим нэг шүүмжлэгчдийн дунд Инглукийг ахынхаа тушаалаар ажилдаа хандаж магадгүй гэсэн хардалт байгаа ч Инглук үүнийг эрс үгүйсгэж байна.

Өнгөрсөн 2010 онд Тайландын Ардчилсан нам болон Pheu намын хооронд үүссэн зөрчил Тайландын нийгмийг хуваагдуулж, эцэстээ цэргийн хүчээр нөхцөл байдлыг намжаасан. Энэ үеэр 90 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн бөгөөд цус асгаруулсан бослого үймээний дараа Тайландын засгийн газар үндэсний эв нэгдлийн төлөө тууштай ажиллахаа амласан байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж