УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга мэдээлэл хийлээ.
Төрийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 160 аж ахуйн нэгж байгаагийн 94 нь алдагдалтай ажилладаг байна.
Жил ирэх тусам олох орлого нь буурч, зарлага нь өссөөр алдагдлын хэмжээ нь нэмэгдсэн компани ч олон аж.
Тиймээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эдгээр компаниудын алдагдлыг бууруулахын тулд удирдлагуудтай нь гэрээ байгуулж, ажиллаж байгаа гэнэ.
Энэ онд Төрийн банк, Монгол шуудан зэрэг төрийн мэдлийн компаниудыг хувьчлах жагсаалтад багтаасан байсан ч хямралын нөлөөгөөр үнэ цэнэ нь буурах эрсдэлтэй учраас судлах шаардлагатай гэж үзжээ.
Зардал өндөр, алдагдал ихтэй байгаа ч төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн авлага 2.4 их наядаар яригдаж байгаа юм.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулж гишүүд санал хэлэх үед УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Монголын цахилгаан холбоо” зэрэг компанийн хувьд хадгалах тусам үнэ цэнэ нь өснө гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Хүн бүр гар утсаараа дамжуулан хоорондоо харилцдаг болсон цагт “Монголын цахилгаан холбоо”-г хувьчилж, татварын орлогыг өсгөх ёстой.
Цаашдаа хувийнхны хийж чадах ажил руу төр урдуур нь орж нүүрсийг нь ачих шаардлагагүй. “Эрдэнэс Монгол” гэдэг хэдэн компанийн актив эзэмшдэг компани байна, хийж буй ажил байдаггүй. Хөдөө аж ахуйн бирж бий болсноор арьс ширний үнэ унагасан гэдэг. Гай болж байгаа төрийн компанийг хувьчлах ёстой.
Төрийн орон сууцны корпорацийг ч татан буулгах ёстой” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Төрийн зохицуулалтгүй явж байгаа эдийн засаг хаана ч байхгүй. Бид дэндүү их ойртсон, түүнийгээ л багасгах ёстой.
Хувийн хэвшил, төрийн өмчийн холимог тогтолцоо хэрэгтэй. Монголын төрд хамгийн эх оронч хүмүүс ажиллаж байж хөгжинө. Хүн бүрийн оюун ухаан, зүтгэл өөр. Төрийн өмчит компанид боловсон хүчний шахаа ордог юм бий. Олсон орлогогүй хэрнээ зардал нь өсдөг юм бий. Ийм менежтмэнтээр явж болохгүй.
Бүх төвшинд боловсон хүчний шалгуурыг өндөрт тавих ёстой” гэлээ.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ