УИХ-ын тогтоолыг өөрчлөх нь буруу, зөв

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

УИХ-ын тогтоолыг өөрчлөх нь буруу, зөв

УИХ-аас 2017 оны төсвийн тодотголыг дагуулж, УИХ-ын 29 дүгээр тогтоолыг батлахдаа гадаадын хөрөнгө оруулагчид Монголын банк санхүүгийн байгууллагаар гүйлгээгээ дамжуулж байх тухай нөхцөлтэй заалт оруулсан ч эл заалтыг авахаас аргагүйд хүрээд байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан(ОУВС)-тай санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, урьдчилсан тохиролцоонд хүрсэн байсан ч дээрх заалтаас болж, захирлуудын зөвлөл нь Монголын хүсэлтийг хэлэлцэлгүй хойшлуулсан юм.

Эл асуудлыг өнгөрсөн өдрүүдэд УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгээр тус, тус хэлэлцсэн.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтыг өөрчилж болохгүй, хэрэгжүүлэхийн төлөө хоёр нам зогсох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн бол УИХ дахь МАН-ын бүлгээс энэхүү тогтоолд өөрчлөлт оруулах шийдвэрт хүрснээ мэдэгдээд байгаа.

Энэ долоо хоногийн VS буландаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын байр суурийг онцоллоо.


 

Д.ХАЯНХЯРВАА

 

Д.ЭРДЭНЭБАТ

МАН-ын бүлэг ОУВС -гийн хөтөлбөрт хамрагдах уу, үгүй юу гэдгийг нэлээд нухацтай ярилцлаа. Хөтөлбөрт хамрагдахгүйгээр цаашаа явах боломжгүй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдлээ.

ОУВС гийн холбогдох хүмүүстэй ярилцаж, УИХ-ын 29 тогтоолын 11 дэх заалтаа өөрчлөх шийдвэрийг гаргалаа.

УИХ тогтоолын 11 дэх заалтад гадны компаниуд Монголын банк санхүүгийн байгууллагаар гүйлгээгээ дамжуулж байх тухай нөхцөлтэй заалт оруулсан. Энийг ОУВС эргэж нягтлах шаардлагатай гэсэн. ОУВС-гийн зүгээс үзэж байгаа юм бол Монголын банк санхүүгийн систем их хэмжээний гүйлгээг дамжуулаад явуулах боломж нь ямар байна вэ гэдгийг тодруулах ёстой гэсэн санаа байна гэж ойлгосон. Нэгэнт ОУВС-тай хөтөлбөрт орно гээд тохиролцоод явж байгаагийн хувьд ОУВС-д орох нөхцөлүүдээ хангах ёстой гэдэг дээр бүлэг 100 хувь санал нэгдэж байгаа.

МАН-ын бүлгийн гишүүд томоохон хөрөнгө оруулагчидтай уулзсан. Цаашид Монгол Улс ОУВС -гийн хөтөлбөрт хамрагдаад явснаар Монголд хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагч нар орлогоо дотоодын банкаар дамжуулах хэмжээгээ бага, багаар нэмэгдүүлэх чиглэл рүү яриа хэлэлцээр хийж болно гэж ойлголцсон.

УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Төсвийн байнгын хороо болон холбогдох байнгын хороод хуулийн хүрээнд ярилцаж, шийдлийг гаргана.

Бид ОУВС -гийн Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзаж ярилцсан. Энэ үеэр нэг компанийн шахалтаар шийдвэрээсээ буцаж байна уу гэдгийг асуусан.

ОУВС нэг компанийн шахалтаар хариу ирүүлээгүй, Монголын банк санхүүгийн салбарт тодорхой эрүүлжүүлэх бодлогыг өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийн хүрээнд баримтлах ёстой. Тиймээс л УИХ -ын тогтоолын заалтыг эргэн харах нь зүйтэй гэж үзсэн гэсэн.

Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн, улс төр нэлээд халчихсан учраас аливаа нэг шийдвэр гаргахад улстөржүүлж хараад байна. Хэрвээ улс төрийн сонгуулийг бодоод явсан бол ОУВС- гийн хөтөлбөр болон бусад асуудлыг нийгэмд таалагдах байдлаар шийдлийг гаргаад явна.

Улсынхаа эдийн засгаар тоглосноос гашуун ч гэсэн хатуу шийдвэрээ гаргаж, эдийн засгаа эрүүлжүүлье гэдэгт бүлэг улс төрийн хариулт өгч, зарчмын шийдвэрийг гаргасан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ОУВС Монголын асуудлыг хэлэлцэхээ хойшлуулсан нь УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 зүйлд заасан заалттай холбоотой гэж ойлгосон. Түүнд “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг монгол банкаар дамжуулъя” гэсэн заалт байгаа, үүнийг зөв гэж харж байгаа. Тийм учраас тогтоолыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжсэн. 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор дагаж гарсан тогтоол. Энэ тогтоол хэрэгжих ёстой. Тэр байтугай баяжмалаар гарч байгаа алтыг ч Монголдоо оруулж ирэх ёстой. Монголбанк алтаа авах ёстой. Тэгж байж валютын ханшийг тогтвортой хадгалж чадна.

Оюутолгойн гэрээг С.Баярын Засгийн газар байгуулсан. Оюутолгойн гэрээг байгуулахдаа зэсийн баяжмалын мөнгийг Монголын банк санхүүгийн байгууллагаар дамжуулахгүй байх энэ нөхцөлийг хийсэн байсан. Өөрөөр хэлбэл, мөнгөн урсгал Монголд орж ирэхгүй нөхцөлтэй гэрээг тэр үед хийсэн. Харин бид энэ асуудлыг Засгийн эрх барьж байхдаа мөнгөн урсгалыг Монголдоо оруулж ирье, гэрээнд өөрчлөлт оруулъя гэдэг асуудлыг “Рио Тинто”-д тавихад зөвшөөрөөгүй. Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа тавьсан, МАН адилхан тавих ёстой.

Монгол Улсын эрх ашиг гэж байдаг юм бол энэ гэрээний өөрчлөлт рүү явах ёстой. Энэ дээр аль ч нам нэгдмэл байр суурьтай байх ёстой.

Хэрвээ ОУВС-д орохын тулд энэ тогтоолын 11 дүгээр зүйлийг цуцална гэвэл Ардчилсан намын бүлэг эвлэрэхгүй. Ардын нам ч ийм санал гаргаасай гэж бодож байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бэлтгэсэн Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж