Свазилэнд Өмнөд Африкт 368 сая долларын өртэй

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Свазилэнд Өмнөд Африкт 368 сая долларын өртэй

Свазилэнд улс өөрийн хөрш Өмнөд Африкаас зээлсэн нийт өрийн хэмжээ 368 сая долларт хүрчээ. Ийнхүү Свазилэндийн хаан III Мсватигийн засаглал эдийн засгийн бүрэн уналтад орж буй нь энэ юм. Тус улс дансаа улайлгаад ч Өмнөд Африкын төв банкинд төлөх ёстой 368 сая долларыг бүрэн төлж чадахгүй ажээ. “Өмнөд Африк өөрөө эдийн засгийн хүнд байдалд орохгүйн тулд Свазилэндийн өрнөөс хөнгөвчлөх арга хэмжээг авах ёстой” гэж Хэлэнгали Митебула гэх эдийн засагч хэлж байна. Байдал энэ хэвээрээ үргэлжлэх юм бол Свазилэнд улсын ардчиллын төлөө тэмцэгчид бослого, хөдөлгөөн эхлүүлэхэд хүрэхээр байгаа юм. Учир нь “Тэмцэгч Свази” хэмээх бүлэглэл Өмнөд Африкт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус улсын томоохон байгууллагуудаас санхүүждэг билээ. III Мсвати нь Африкийн хамгийн сүүлийн албан ёсны хаант засаглал бөгөөд түүний хатдын тоо 13 бөгөөд үндсэн хөрөнгө нь 100 сая долларт хүрдэг юм байна. Үүгээрээ түүний засаглал дэлхийн хамгийн баян хаант засаглалын нэгд тооцогддог юм. Түүний гэр бүл ийм их хэмжээний мөнгөтэй хэдий ч тус улсын нийт иргэдийн 70 хувь нь ядуу зүдүү бөгөөд өдрийн цалин нь нэг доллартай тэнцдэг аж. Мөн дэлхийд ДОХ-ын тархалтаараа дээгүүрт бичигддэг орны нэг нь Свазилэнд юм. “Бид энэ улсаас хэрхэн зээлээ авахаа хэлж мэдэхгүй л байна. Ямар ч байсан зээлээ бүрэн авахад хүнд байх болов уу. Бидний ганц санаа зовж байгаа зүйл нь Свазилэндийн ард иргэд байна. Тэд тэртээ тэргүй сүүлийн хорин жилийн турш хүнд байдалд байгаа, дээрээс нь энэ их хэмжээний өрийг дарахын тулд тэдний нуруун дээр ирэх дарамт улам нэмэгдэх болно гэж Өмнөд Африкийн нэгэн сонин тэргүүн нүүрэндээ нийтэлжээ. Свазилэнд улс өрөө бүрэн гүйцэд төлж барагдуулах сайн арга олоогүй байгаа ч Олон улсын валютын санд зээл төлөлөхөд туслах тухай албан ёсны бичиг явуулсан байна. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жакоб Зума, Свазилэнд улсын хаан III Мсватитай тус улсад үүсээд байгаа өр болон эдийн засгийн асуудлаар хэлэлцээрийн ширээнд суух гэсэн боловч Мсвати ямар ч хариу өгөөгүй юм.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж