ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ЯЛЛАХ НЬ ИХЭССЭН

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ЯЛЛАХ НЬ ИХЭССЭН

Жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР тохиодог.

Зөрчлийн хууль болон хэвлэлийн эрх чөлөөний талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Хэвлэл мэдээлэл бол төр, иргэн хоёрын дундах гүүр. Хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг Үндсэн хуульд яагаад тунхагласан бэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16-д иргэн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй гэж заасан. Энэ заалт орж ирсэн шалтгаан нь социализмын үед хүмүүст юу бодож байгаагаа илэрхийлэх эрх чөлөө хязгаарлагдмал, намын бодлого үйл ажиллагааг шүүмжлэх асуудал хаалттай байсан. Шүүмжилсэн хүн нь ялгаварлан гадуурхагддаг, дарамт шахалтад ордог байсан практик 70-аад жил явж ирснийг халахыг Үндсэн хууль тогтоогчид эрмэлзсэн байдаг.

Мөн хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол ардчиллын зайлшгүй нэг хэсэг гэж үзсэн. Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг олон нийт чөлөөтэй шүүн хэлэлцдэг байхгүйгээр иргэд сонгуульд аль нам, нэр дэвшигчийг дэмжихээ шийдвэрлэх боломжгүй. Төрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж байна уу, нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байна уу гэдгийг чөлөөт хэвлэл л олон нийтэд илчилдэг. Нөгөө талаар хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь бие даасан байдлын маш чухал илэрхийлэл. Өөрөөр хэлбэл, өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх нь хүн байхын салшгүй нэг хэсэг. 

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө үнэнийг мэдэхэд тусалдаг. Хүний үгийг хааж болсноор нийгэм бүхэлдээ хохирдог. Тэр хүний үзэл бодол нь үнэн байгаад түүнийг хэлүүлэхгүй бол нийгэм уг үнэнийг мэдэж чадахгүй. Харин үзэл бодол нь худал байгаад түүнийг хэлүүлэхгүй бол бурууг бас мэдэж чадахгүй. Иргэдэд үнэнийг мэдэх боломж олгох нь хэвлэл мэдээллийн үүрэг. Энэ мэт шалтгаануудаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг Үндсэн хуульд баталгаажуулжээ.

-Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө хэр хэрэгжиж байна вэ?

Монгол Улсад сүүлийн 25 жил хэвлэлийн эрх чөлөөний хэрэгжилт социализмын үетэй харьцуулахад эрс сайжирсан. Хэвлэлийн эрх чөлөө огт байхгүй улс биш. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бусад ардчилсан улстай харьцуулахад тийм ч хангалттай биш. “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллага улс орнуудыг хэвлэлийн эрх чөлөөг хэр хамгаалсан бэ гэдгээр нь эрэмбэлдэг. Монгол Улс 2016 онд нийт 180 улсаас 60 дугаар байрт бичигдсэн. 2002 оноос хойш хэвлэлийн эрх чөлөөний мэдэгдэхүйц асуудалтай улсуудын тоонд явж байгаа юм.

Түүнээс гадна “Эрх чөлөөний ордон” гэж иргэний болон улс төрийн эрх чөлөөний талаар судалгаа хийдэг байгууллага Монгол Улсыг хагас хэвлэлийн эрх чөлөөтэй улс гэж тодорхойлсон байдаг. Яагаад ийм муу үнэлгээ аваад байгаа шалтгаанаас дурдъя.

Монгол Улсад төрийн нууцын хүрээ бараг хязгааргүй учраас төрийн байгууллагын зарим асуудлыг хэвлэлийнхэн болон иргэд мэдэж чаддаггүй. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, харьяалал тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшдэг боловч хэн эзэмшээд байгаа нь иргэдэд ил тод биш. Сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг хуулиар хамгаалаагүй, гүтгэх, доромжлохыг гэмт хэрэгт тооцож, торгох, баривчлах, хорих ялаар шийтгэдэг зэрэг олон асуудлууд нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж байгаа юм.

СЭТГҮҮЛЧИЙН ЭХ СУРВАЛЖАА НУУЦЛАХ ЭРХИЙГ ХУУЛИАР ХАМГААЛААГҮЙ, ГҮТГЭХ, ДОРОМЖЛОХЫГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОЖ, ТОРГОХ, БАРИВЧЛАХ, ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭДЭГ ЗЭРЭГ ОЛОН АСУУДАЛ НЬ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА ЮМ.

-Хэвлэл мэдээллийнхэнд гүтгэсэн, доромжилсон гэх үндэслэлүүдээр хариуцлага тооцох нь элбэг байдаг. Гүтгэх, доромжлохыг ямар хуулиар зохицуулж байгаа вэ?

Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхүүд заримдаа мөргөлддөг. Нэг талаас үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсан ч нөгөө талаараа хүний нэр төр, алдар хүндийг хамгаалсан хоёр заалт Үндсэн хуульд бий. Алдар хүнд бол нийгэмд тухайн хүний эзэлж байгаа байр суурийг илэрхийлдэг учраас үүнийг Үндсэн хуулиар болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактаар хамгаалдаг.

Иймд, үзэл бодлоо илэрхийлж байна гээд хүнийг гүтгэж болохгүй. Гүтгэлгийг хориглож байгаа боловч гүтгэсэн тохиолдлыг шийдэхдээ улс орон бүр ялгаатай.

Монгол Улсын хувьд гүтгэлгийг Эрүүгийн хууль болон Иргэний хуулиар шийддэг. Хүний нэр төр, алдар хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг няцаах, учруулсан хохирлыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэгтэй гэсэн заалтууд Иргэний хуульд бий. Үүнтэй зэрэгцээд Эрүүгийн хуулийн 110, 111-р зүйлд доромжлох, гүтгэхийг гэмт хэрэг болгон хуульчилсан.

Худал мэдээлэл тараахыг гүтгэлэг гэдэг бөгөөд үүнийг гэмт хэрэгт тооцож, торгох, баривчлах, хорих ялаар шийтгэх зохицуулалт үйлчилж байгаа. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гүтгэлгийг Эрүүгийн хуулиас хассан ч сонгуулийн үед гүтгэх, доромжлох асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулахаар хуульчилсан байгаа.

-Эрүүгийн хуулиар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлага тооцсон тохиолдол хэр олон байдаг юм?

-1999-2015 оны хооронд гүтгэх, доромжлохтой холбоотой иргэний хэрэг 665-ыг шийдсэний 363 нь сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой байсан бол эрүүгийн 73 хэрэг шийдсэний 37 нь буюу 50 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой байв.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд гүтгэх, доромжлох тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж хариуцлага тооцох хандлагатай болсон. Жишээлбэл, жиргээч Ц.Батыг Зам тээврийн сайдын нэр хүндэд халдсан гэж үзэж баривчлах ял оногдуулах тухай шийдвэрийг шүүх гаргаж байсан. Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад ч жиргээч Ц.Бат сайдыг хардсан мэдээлэл түгээснийхээ төлөө 22 хоног хоригдоод суллагдсан.

Гүтгэх гэмт хэрэгт яллах нь ихсэж байгаа. “Глоб интернэйшнэл” төвийн бүртгэлээс харахад 2005-2012 онд Эрүүгийн хуулийн дагуу 27 хэрэгт эрүү үүсгэсэн бол 2013-2014 онд 13 эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хохирогч нь ихэнхдээ төрийн өндөр албан тушаалтан байгаа юм. Мэдээж гүтгэлгийг хорих, хүний алдар хүндийг хамгаалах ёстой ч заавал Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцох ёсгүй.

-Яагаад Эрүүгийн хуулиар гүтгэх, доромжлохыг шийтгэхээс татгалзах ёстой гэж үзэж байна вэ?

-Үндсэн хуульд зааснаар эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх, үзэл бодолтой байх зэрэг хэзээ ч хязгаарлаж үл болох туйлын эрхүүд байдаг. Бусад эрхүүдийн хувьд зайлшгүй тохиолдолд хязгаарлаж болох боловч наад тал нь дөрвөн янзын нөхцөлийг хангасан байх ёстой. Нэгт, үндсэн эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлах ёстой. Хоёрт, нийгмийн дэг журам, үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах зэрэг зүй ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэх ёстой. Гуравт, тухайн зүй ёсны ашиг сонирхлыг хамгаалахад зайлшгүй байх ёстой. Дөрөв, аливаа хязгаарлалт эдгээр шаардлагыг хангасан эсэхийг шүүхээр хянуулах боломжтой байх ёстой. Хүний алдар хүнд гэсэн зүй ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд гүтгэлэг, доромжлолыг хуулиар зохицуулж, шүүхээр хянуулах боломжтой байна. Гэхдээ, гүтгэлэг, доромжлолыг эрүүгийн гэмт хэрэгт тооцож хориглоод зөрчих юм бол торгох, баривчлах, хорих ялаар шийтгэж байгаа нь зайлшгүй байх гэсэн нөхцөлийг хангахгүй байгаа юм. Яагаад гэвэл гүтгэх, доромжлохыг гэмт хэрэгт тооцсоноор хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл олж авах эрхийг хэрэгжүүлэхэд түгшүүр үүсгэдэг. Гүтгэсэн гэмт хэрэгт буруутгагдаж байгаа хүмүүс сэтгэл санааны хохирол амсах, өмгөөллийн үйлчилгээнд өндөр хөлс төлөх болдог бөгөөд энэ нь аль ч гэмт хэрэгт буруутгагдаж буй хүнд тохиолддог боловч гүтгэх, доромжлох гэмт хэргийн онцлог нь эргээд үзэл бодлоо илэрхийлэх, иргэдийн мэдэх эрхийг хэрэгжүүлэхийг хязгаарлах, татгалзахад хүргэдгээрээ ноцтой юм. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргээр шийдэгдчих вий гэсэн айдас, гэм буруугүй байсан ч шүүн таслах ажиллагаанд их хэмжээний цаг, хүч зарцуулах, өндөр зардал төлөх зэргээс болж нийтлэлч, редактор, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхан нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлыг мэдээлэх, хэвлэн нийтлэхээс татгалзахад хүрдэг. Хэдийгээр нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудал нь үндэслэлтэй байсан ч түүнийг бичсэнийхээ төлөө, нийтэлсний төлөө өөрөө асуудалд орж шийтгэгдэх, баривчлагдах учраас татгалзах хандлагатай болдог. Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын амин сүнс. Авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил, эрх мэдлээ урвуулан ашигласан, бизнесийн хууль бус практик зэрэг иргэдийн эрх, нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх нь хэвлэл мэдээллийн үүрэг. Гүтгэлэг, доромжлолыг гэмт хэрэгт тооцсоноор олон нийтэд дээр дурдсан мэдээллийг хүргэх энэ урсгалыг зогсох эрсдэл үүсдэг. Тиймээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар иргэд мэдээлэлгүй үлдэх, аливаа ажиллагааны хууль ёсны эсвэл ёс зүйтэй эсэхийг мэдэх эрхгүй болж байгаа юм. Жишээлбэл, 29-р тусгай сургуулийн сурагчаас тухайн сургууль дээр сурч боловсрох эрх хэрхэн хэрэгжиж байгаа, бэлгийн хүчирхийлэл ямар байдаг тухай асуусан www.medee.mn сайтын сэтгүүлч н.Уранцэцэгт, мөн эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлч Ч.Болортуяа нарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа гэх мэдээ байна. Энэ хоёр сэтгүүлч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрх, аливаа хэлбэрийн дарамт, хүчирхийллээс ангид байх эрх зөрчигдөж байгаа эсэх мэдээллийг анхдагч эх сурвалжаас авсан дамжуулсныхаа төлөө гэмт хэрэгтэн болох, шалгагдах боллоо. Энэ мэдээллийг сэтгүүлчид олон нийтэд ил болгосноор, шийдвэр гаргагчдыг арга хэмжээ авахад хүргэдэг. Эдгээр сэтгүүлчид сурвалжлаг хийгээгүй бол 29-р сургуулийн захирал огцрохгүй л байх байсан. Энэ хоёр сэтгүүлчийг шийтгэлээ гэж бодоход дараа дараагийн удаа сэтгүүлчид ийм мэдээллийг нийтлэх зориг хүрэхгүй, өөрсдөө торгуулах, баривчлуулах учраас мэдээлэл дамжуулахаас зайлсхийх болно. Эндээс дүгнээд хэлэхэд, Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлохыг заасан нь иргэдийн мэдэх эрх, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж байгаа юм.

-Иргэний хэргээр хариуцлага тооцох боломж нь байхад яагаад Эрүү, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох гээд байгаа юм бол?

-Үндсэн эрхийг хязгаарлах аливаа хязгаарлалт зайлшгүй байх гэдэг нь сая хэлснээс гадна өөр нэг зарчмыг баримтлахыг шаарддаг. Хүний алдар хүндийг хамгаалах ёстой ч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хамгийн бага халдах арга замыг сонгож хамгаалах ёстой гэсэн зарчим бий. Эрүүгийн эрх зүйд ял шийтгэл нь тухайн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх ёстой гэдэгтэй адилхан алдар хүндийг хамгаалахын төлөө авч байгаа арга хэмжээ нь уг зорилгодоо тохирсон байх ёстой. Алдар хүндийг хамгаалахад Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Иргэний хууль гэх мэт хариуцлага тооцох арга замуудаас хамгийн тохирсныг нь сонгож, алдар хүндийг хамгаалах хэрэгтэй. Ингэхийн тулд үг хэлэх эрх чөлөөг хамгийн бага хязгаарлаж байгаа ч алдар хүндийг хамгаалах зорилгыг хангаж чадаж байгаа арга замыг сонговол зохино. Тиймээс алдар хүндийг хамгаалахдаа Иргэний хуулиар зохицуулах нь үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд бага нөлөөлдөг гэж үздэг. НҮБ-ын Хүний эрхийн хорооны тайлбарт “Үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан арга хэмжээ нь тохиромжтой байх ёстой. Алдар хүндийг хамгаалах зорилгод хүргэж болох арга хэрэгслүүдээс үг хэлэх эрх чөлөөнд хамгийн бага халдах, нөлөөлөх боломжтой арга замыг сонгох ёстой” гэж тусгасан байдаг. Иргэний хуулиар алдар хүндийг гутаасан хариуцагчаас нөхөн төлбөр гаргуулах замаар алдар хүндийг хангалттай хамгаалж болно. Энэ нь эрүүгийн хуулиас дутахгүй үр нөлөөтэй байдаг учраас гүтгэлэг дээр заавал Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт тооцож, баривчлах, хорих нь зайлшгүй биш. Энэ мэт олон шалтгаан байдаг учраас Эрүүгийн гэмт хэрэгт тооцохгүйгээр Иргэний хуулиар зохицуулах нь хэвлэл нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, иргэний мэдэх эрхийг хангах юм.

-Эрүүгийн хуулиас Зөрчлийн хууль руу шилжүүлсэн. Зөрчлийн хуулиар гүтгэх, доромжлох нь бас л өндөр торгууль, баривчлах гэсэн заалтууд орж ирсэн нь Эрүүгийн хуулиас ялгаагүй болсон юм шиг?

-Гүтгэлэг, доромжлохыг Эрүүгийн хуулиас хассан нь зөв. Зөрчлийн хуульд оруулсан нь 2002 оны зохицуулалтаас хамаагүй дээр боловч Зөрчлийн хуульд ч заах шаардлагагүй гэж би үздэг. Зөвхөн Иргэний хуулиар зохицуулаад явах бүрэн боломжтой. Засгийн газраас өргөн барьсан Зөрчлийн тухай хуулийн төсөлд гүтгэсэн, доромжилсон бол иргэнийг хоёр сая, аж ахуй нэгжийг 20 сая төгрөгөөр торгох заалтыг хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нэмэх санал оруулсан боловч саналаа эргүүлэн татсан. Хэрэв тэр торгуулийг төлж чадахгүй бол 7-30 хоног баривчлах шийтгэлээр шийтгэгдэнэ гэнэ. Энэ нь эрүүгийн гэмт хэргээр шийдэгдээгүй ч Эрүүгийн хуулиас дутахааргүй хэвлэлийн эрх чөлөөнд халдсан заалт гэж би харж байна.

-Дэлхийн улс орнууд гүтгэх, доромжлохыг ямар хуулиар зохицуулдаг юм бэ. Ялангуяа хэвлэлийн эрх чөлөөтэй улс орнууд яаж шийддэг юм бэ?

-Энэ асуудлыг Иргэний хуулиас гадна Эрүүгийн эсхүл Зөрчлийн хуулиар зохицуулагддаг улсууд бий. Гэвч, олон Улсын хэвлэлийн эрх чөлөө илүү сайн хангаж чаддаг практик юу гэдгийг бодох хэрэгтэй.

Жишээлбэл, НҮБ-ын Хүний эрхийн хорооноос гаргасан тайлбарт НҮБ-ын гишүүн улс эрүүгийн хуулиас гүтгэх гэмт хэргийг халахад анхаарвал зохино. Хамгийн ноцтой тохиолдолд эрүүгийн хуулийг ашиглаж болох боловч хэзээ ч тохирсон шийтгэл биш” гэсэн байдаг.

Ямар нэг хуульд оруулсан ч хүнийг гүтгэсэн гээд хорьж, баривчилж болохгүй гэсэн тайлбар байдаг. Мөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2015 онд Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үед найман ардчилсан улс хүний нэр төр гутаахтай холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас халахыг Монголд зөвлөсөн байдаг. Мөн НҮБ-ын тусгай илтгэгч, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага зэрэг нь гүтгэлгийг Эрүүгийн хуулиас хасч, Иргэний хуулиар шийдэхийг уриалдаг. Монгол Улс НҮБ, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагуудын гишүүн учраас энэ байгууллагуудын зөвлөмжийг дагах үүрэгтэй. Өмнөд Африк, Зинбабвэ зэрэг олон орон гүтгэлгийг Эрүүгийн хуулиар шийтгэхээс татгалзсан.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж