Р.Амаржаргал Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.05.02-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргал Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад оролцохоор болсноо өнөөдөр  /2017.05.02/ албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр АН-ын нийт гишүүд дэмжигчдэдээ хандаж

"Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ээ,

Ринчиннямын Амаржаргал миний бие, өөрийн итгэл үнэмшил болон ардчилсан намын гишүүд дэмжигчдийнхээ захиас даалгавраар Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах нам доторх санал асуулгад оролцох болсноо мэдэгдэж байна.

Өнгөрсөн жилүүдэд миний бие Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Гадаад Хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байлаа. Үүнийг миний гардан байгуулсан Ардчилсан намаас надад хүлээлгэсэн өндөр итгэл, үзэл санаандаа үнэнч Ардчилсан намын мянга мянган гишүүдийн маань нөр их зүтгэлийн үр дүн гэж үздэг.

Тийм ч учраас миний бие төрийн үйл хэрэгт чин сэтгэлээр зүтгэж, журмын нөхөд, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр чандлан биелүүлж, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан, эгэл жирийн журмын нөхөр Таны нүүрийг улалзуулалгүй ажиллаж ирсэн.

Миний ардчилсан үзэл баримтлал, түүний үнэт зүйлсийг сахин хадгалах, төрийн хар хүний байр суурийг сахих, шударга, зарчимтай улс төрийг тогтоох гэсэн чармайлтыг журмын олон нөхөд төдийгүй жирийн иргэд, сөрөг хүчний улс төрчид хүртэл мэднэ.

Журмын нөхөд өө,

Монголын өнөөгийн хямралт нөхцөл байдал нь олон учир шалтгаантай ч нэг зүйлийг онцлон хэлье.

Монголд байгаа намуудын учир утгагүй тэмцэл сөргөлдөөн хариуцлагагүй улс төр  нь муу муухай бүхний үүр уурхай болж байна. Тухайлбал, хариуцлагагүй улс төрөөс болж,

  • Эрх ашгийн эрэмбэ алдагдаж,улсынхаа жинхэнэ эзэн болсон ард түмний эрх хязгаарлагдаж байна.

  • Улс орон нам даган хагарч, монгол хүнулс төрийн сонголтынхоо төлөө хохирч байна.

  • Шударга ёсны үнэ цэнэ, үнэт зүйл алга болж мартагдахад хүрч байна.

  • Баялгийн тэгш хуваарилалт алдагдаж баян хоосны ялгаа нэмэгдэж байна.

  • Эдийн засгийн боломжоо алдаж, гадаадын хөрөнгө оруулалт бүдгэрч эх орноо хямралын тавцанд зогсоож ард түмнээ туйлдуулж байна.

  • Иргэдийн итгэл гундаж, хүн болгон улс төрөөс залхаж, үзэн ядалт ихсэж байна.

  • Монгол Улс олигархи засаглалын гарт орж байна.

Эдгээр нь Монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Энэ бол миний Ардчилсан нам дотроо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад оролцох шийдвэрийн үндэс болж байгаа юм.

Монгол Улс хараат бус, хүчирхэг эдийн засагтай, дэлхийн хөгжингүй орны тоонд багтах бүрэн боломж бий гэдэгт би итгэдэг. Учир нь, бидэнд эцэг өвгөдийн минь өвлүүлж үлдээсэн зарим улс орны хүсээд ч олж чадахгүй байгалийн асар их нөөц баялаг бүхий бүрэн эрхт тусгаар тогтносон эх орон, эрх чөлөөтэй хөдөлмөрч ард түмэн  минь байна.

Хамгийн гол нь монголчууд бидэнд зангидсан гар мэт эв нэгдэл, эрч хүч, монголын төрд чиглэсэн цэгцтэй бодлого, шударга ёс, чанд хатуу хяналтын тогтолцоо дутагдаж байна. Эв нэгдэл гэдгийг би өөрийнхөө болон бусдын өмнө үүрэг хариуцлагаа хүлээх чадвар гэж ойлгодог. Хариуцлага нэхсэн асуулт бүхэнд хууль журам, шударга ёс, Эв нэгдэл шаардсан асуулт бүхэнд эх оронч манлайлал, иргэдээ дээдэлсэн  монгол ухаан үгүйлэгдэж байна.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах нам доторх санал асуулгад олонхийн санал авч, нэр дэвших эрхээ авбал хийж хэрэгжүүлэх хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, улс төрийн өрсөлдөгч хүчний нэр дэвшигчидтэй зөвхөн бодлогоор өрсөлдөж амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

Би ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, шударга ёс, хариуцлагын манаанд тангараг өргөсөн цэргийн ёсоор үнэнч зогсоно гэдгээ итгэл төгс илэрхийлж, намын журмын нөхөд Та бүхнийг миний төлөө саналаа өгөхийг уриалж байна" гэсэн юм.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Ардчилсан намын дотоод сунгаанд хэдэн нэр дэвшигч өрсөлдөж байгаа вэ?

-Хараахан тойм гараагүй байна. Өнөөдөр өглөө Л.Болд гишүүн бид хоёр бүртгүүлсэн. Бүртгэл 13.40 цаг хүртэл үргэлжилнэ. Тиймээс нэлээд хэдэн хүмүүс бүртгүүлэх байх гэж бодож байна.

-Эрх баригчид сонгуулийн амлалтаа зөрчиж, ард иргэдийн нуруун дээр дарамт үүсгэж байна гэдэг шүүмжлэл бий. Татвар нэмэгдүүлсэн асуудалд таны байр суурь ямар байна вэ?

-Татвар нэмэх нь цагаа олоогүй шийдвэр. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд аль болох үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн, эдийн засгаа тэлэх бодлого явуулах ёстой. Гэтэл эд нар эдийн засгаа хумих шинж чанартай алхам хийж байгаа нь харамсалтай байна.

-Таныг Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан гэж шүүмжилдэг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Р.Амаржаргал Засгийн газар унагаадаг бол амархан байх. Хэрэв би андуураагүй бол тухайн үед Ардчилсан намын 1/3 эсрэг санал өгсөн. Чухам яагаад Р.Амаржаргалыг онцлоод байгааг бодох хэрэгтэй. Тухайн үед миний баримталж байсан байр суурь бол зөв байсан. Би хэлдэг зүйлээ хэлж байсан. Харамсалтай нь үг авахгүй байсаар эцсийн дүндээ юу болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Эдийн засгийг иймэрхүү байдалд орохоос урьдчилан сэргийлэх тодорхой алхам авах ёстой байсан юм байна гэдгийг та нар харж байгаа байх. Арга ядаад эдийн засгийн шинж чанартай алхам зөв хийхгүй бол болохоо байлаа гэж хэлээд УИХ-ын гишүүнээс татгалзах хүртлээ тэмцэж байсан.

-Та олон удаа УИХ-ын гишүүн болсон. Өнгөрсөн хугацаанд ямар, ямар ажил хийсэн бэ?

-Эцсийн эцэст Р.Амаржаргалыг хамгийн хүнд, хамгийн болохгүй гэсэн тойрог руу явуулдаг. Би намын даалгавраар очоод ямар ч байсан нэг суудал аваад ирдэг байсан. УИХ-ын гишүүн анх удаа сонгогдсон хүн учраа олдоггүй. Юм юм хийх гэж үсчсээр байгаад таардаг. Хоёр, гурав дахь удаагаа сонгогдоод ирэхээр том зургаар харах чадвар бий болдог. Би сүүлийн УИХ-ын жишээн дээрээс харахад хоёр гурван хууль байна. Татварын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль. Татвар хураана гэдэг хүнд асуудал. Тиймээс татварын байцаагч нар биш ард иргэд өөрсдөө татвар хураагч болох юм бол явах юм байна гэж харсан. Ингээд НӨАТ-ын буцаан олголтын тухай хууль боловсруулж, батлуулсан. Энэ бол зөв алхам байсныг та нар гадарлаж байгаа байх. Цагаан сарын өмнө маш олон хүн буцаан олголтоо авч, амьдрал ахуйдаа хэрэглэсэн. Мөн татвар хураамжийн төлөвлөгөө биелсэн. Татварын төлөвлөгөө биелж байна гэдэг нь миний бодсон, харсан алхам зөв байсны жишээ юм.

Бас нэг жишээ бол, Баялгийн сангийн тухай хууль. Бид эдийн засгийн мөчлөг дагасан бодлого явуулаад, эдийн засгаа хямраасан. Баялгийн сангийн тухай хуулийн утга учир нь эдийн засгийн мөчлөгийг сөрж ажиллах тухай юм. Түүхий эдийн үнэ өндөр байхад мөнгөө хуримтлуулаад, түүхий эдийн үнэ унаад ирэхэд ашиглах системд орох асуудал байсан. Энэ бол асар том бодлогын чанартай арга хэмжээ.

Гадаад харилцааны тухайд бол Цөмийн зэвсэггүй статусын тухай хууль байна. Монгол Улсыг тойроод атомын цахилгаан станц, цөмийн зэвсэг техник бий. Цөмийн хаягдлыг булшилж байгаа газар бий. Энэ бүхнийг хэрхэн зохицуулах, цөмийн зэвсгийн асуудалд манай ямар байр суурь баримтлахыг хуулиар тодорхой болсон. Миний яриад байдаг асуудал бол өдөр бүр олны анхаарлыг татаад байдаггүй. Гэхдээ Монгол Улсын бүрэн эрх, үндэсний эрх ашгийн хэмжээнд онцгой чухал ач холбогдолтой хуулиуд юм. Тиймээс УИХ-ын гишүүний ажлаа хангалттай хийсэн гэж үзэж байна.

-Таныг Шинэ дэвшилтэд холбоог нам болгоход гар бие оролцсон гэдэг. Энэ үнэн үү?

-1990 оны хувьсгалын тулгын гурван чулуу нь гурван хөдөлгөөн байсан. Ардчилсан холбоо, Шинэ дэвшилтэд холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн. Энэ гурван холбоогүйгээр Ардчилсан хувьсгалыг төсөөлөх арга байхгүй. Шинэ дэвшилтэд холбоог үүсгэн байгуулсан хүний нэг нь би. Хөдөлгөөн, холбоод дараа нь нам болсон. Шинэ дэвшилтэд холбоо ч мөн адил нам болсон. Нам болгох ажлыг гардан зохион байгуулсан хүний нэг нь би. Тухайн үед цэргийн алба хашиж байсан учраас ил гарах боломжгүй байсан. гэхдээ Ардчиллын гол арга хэмжээнд анхнаас нь гардан оролцож байсан.

Д.УУДАМ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж