Б.Дэлгэрсайхан: Хувийн бизнесийг дээрэмдээд явах уу

Хуучирсан мэдээ: 2017.05.02-нд нийтлэгдсэн

Б.Дэлгэрсайхан: Хувийн бизнесийг дээрэмдээд явах уу

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2017.05.02/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаар УИХ-аас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, тус үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонслоо.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн мэдээлэл хийсэн юм. Тэрхүү мэдээллээр “Эрдэнэт”-ийн 2017 оны бизнес төлөвлөгөөг ТУЗ-аар хэлэлцэн баталгаажуулсны дагуу ажиллаж байгаа аж.

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө энэ оны нэгдүгээр улиралд 100 хувиас дээш ханган биелүүлжээ. Нэгдүгээр улиралд 86.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Үүнд дэлхийн зах зээлд зэсийн үнэ өссөн нь нөлөөлжээ. Одоогоор банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан өргүй юм байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос өгч байгаа мэдээллээр УИХ-ын 23 дугаар тогтоолын хүрээнд “Монросцветмет” дээр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн үүргийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн хувийн хэвшлийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлж, 100 хувь төрийн ТУЗ-ийг бүрдүүлсэн байгаа. “Монгол зэс” корпорациас Чингэлтэй дүүргийн захиргаа болон иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан явдал болон ТУЗ-ийн гишүүдийг  чөлөөлсөн шийдвэрүүдийг түдгэлзүүлсэн. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан учраас шийдвэрийг хүндэтгэхээс өөр аргагүй байна. Дараагийн шатны шүүхийн шийдвэрийг хүлээсэн байдалтай байна хэмээлээ.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавив. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Анхнаасаа би “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авахын эсрэг байсан.  Хувийн өмчийг төр булаах замаар авсан нь буруу. Бид цаашдаа социализм байгуулах уу, хувийн бизнесийг дээрэмдээд явах юм уу. Төр хувийн өмчийг ингэж авч болохгүй. Шүүхийн шийдвэр гарсан хойно бүртгэл хийх эсэхээ шийдэх ёстой байсан. Цаашдаа шүүхийн шийдвэр нэг талдаа гарвал улсын бүртгэлээ өөрчлөх үү?

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү: УИХ-ын 23 дугаар тогтоол өөрчлөгдөөгүй цагт улсын бүртгэлийг өөрчлөхгүй. 23 дугаар тогтоолыг шүүхэд өгөөгүй хэрнээ хэрэгжүүлсэн хүмүүсийг шүүхэд өгсөн. Бид тогтоолыг хэрэгжүүлсэн.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Бусдын өмчийг УИХ-ын тогтоолоор булаан авсан нь буруу. Үүнийг шүүх шийднэ. 49 хувийн тогтоолын асуудлаар Засгийн газар ямар нэг тогтоол гаргасан уу. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор чиглэл өглөө гэж байна. Төрийн үйлдвэрийн өмчийн газар гэж тогтоолд заасан бол энэ төсвийн байгууллага болно. Тэгвэл хувьцааны тухай ойлголт байхгүй болж байгаа юм биш үү. ТУЗ-ийг ээлжлэн томилно.  

“Эрдэнэт”-д төрийн эзэмшил 51 хувь байхад улс төрийн болон сэлбэгийн шахаа явсан. 7 дэд даргын асуудал яригдаад байгаа, үнэн үү. “Жаст”-ын өр “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэгдээд байгаа юм уу, Төрийн банкнаас нэхэгдээд байгаа юм уу.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү: Монгол-Оросын хамтарсан компани байхдаа “Эрдэнэт” ХХК байсан. Үүнийгээ өөрчлөөгүй.

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэрийн компанийн 49 хувийг  “Монголын зэс” компани аваад шинэ бүтцийг баталсан. Энэ бүтцээр Ерөнхий захирал, дэд орлогч, ажлын албатай байна гэж баталсан. Эрдэнэт үйлдвэр компани нэгдмэл удирдлагатай ажиллах ёстой. Нэг л ажлын албатай байхаар байгуулсан. Шахааны ч юм уу бусад асуудал байхгүй.

Ажлын авснаас хойш ажил төрлийн шаардлагаар Технологийн сургуулийн захирлыг л өөрчилсөн, жолоочоо ч өөрчлөөгүй. Үйлдвэрлэлд ажилладаг мэргэжлийн хүмүүс чиглэлээрээ ажиллаж байна.

Намайг сарын 24 сая төгрөгийн цалин авч байна гэсэн, ТУЗ гэрээ хийгээгүй. Нэгэнт төр засаг ТУЗ итгэл хүлээлгэж томилсон учраас би зүтгэж явна. Би гурван сая төгрөгийн цалин авч байна, бодит байдал энэ гэсэн хариулт өглөө.

Эцэст нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир энэ асуудлыг зөвхөн Байнгын хорооны хуралдаанаар мэдээлэл сонсоод өнгөрөх нь учир дутагдалтай, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан гэсэн юм.

Одоо тус байнгын хорооны хуралдаанаар Хятад улсаас авах 1 тэрбумын зээлийн хэлэлцээрийн талаар хэлэлцэж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж