Сүү ХК Борнуур суманд сүү бэлтгэн нийлүүлэгчдийн сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа
Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК-иас энэ жил малчид фермерүүд рүүгээ чиглэсэн 4 томоохон сургалтыг орон нутагт, мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү төлөвлөгөөт ажлын хүрээнд Төв аймгийн Борнуур суманд “Сүү бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдийн сургалт, зөвлөгөөн”-ийг Борнуур сумын ЗДТГ, Глобал коммунити ОУБ, “Ашигт фийд” ХХК, “Юнител” групптэй хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 250 гаруй малчид фермерүүд хамрагдлаа. Сүү ХК-иас бэлтгэн нийлүүлэгч фермерүүдээ чадавхижуулах зорилгын дор орон нутагт малчдын сургалт зөвлөгөөнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жил өвлийн сүүний гарцыг хэрхэн нэмэгдүүлэх, бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх сэдвийг түлхүү хөндсөн бол энэ жилийн хувьд малын тэжээлийн талаар мэргэжлийн судлаачаар дэлгэрэнгүй мэдээлэл өгүүллээ.
“Үнээний сүү дэлэндээ биш хэлэндээ” гэж малчид ярьдаг. Энэ ч утгаараа малчид өөрсдөө тэжээл тариалах нь түгээмэл байгаа ч мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө ихээхэн дутмаг байгааг анзаарсны үндсэн дээр Сүү ХК-иас тус арга хэмжээний үндсэн сургалтыг “Сүүний үхрийн аж ахуйн тэжээл, тэжээллэг, үйлдвэрлэх боломж” сэдвээр явуулж, сургалтыг Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, Ph.D А.Бат-Эрдэнэ удирдан явууллаа.
Мөн энэ үеэр малчдад хэрэгтэй бусад мэдээлэл, зөвлөмжийг өгснөөс гадна Сүү ХК-иас бэлтгэн нийлүүлэгчдийнхээ дунд азтан шалгаруулж, супер азтан болон шилдэг хамтран ажиллагч бэлтгэн нийлүүлэгчиддээ голштейн үүлдрийн эр тугал авах эрхийн бичгийг гардуулсан юм.