Хунтайж Уильям шар хэвлэлээс 1,5 сая евро нэхэмжилжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

Хунтайж Уильям шар хэвлэлээс 1,5 сая евро нэхэмжилжээ

Их Британийн хатан хааны гэр бүл Францын хоёр сонинтой зарга үүсгэн мөнгө нэхэмжилснийг BBC мэдээллээ. Хунтайж Уильямын эхнэр Кэйт Мидлтоны цээж нүцгэн зургийг Францын хоёр шар сонин нийтэлсэн учраас тэднээс 1,5 сая евро нэхэмжилжээ.

Францын “Closer”, “La Provence” гэсэн хоёр сонин 2012 оны есдүгээр сард зургийг хэвлэсэн бөгөөд зураг дээр Кэйт усан сангийн дэргэд цээж нүцгэн байгаа ажээ. Энэ гэрэл зургийг Уильям, Кэйт нар Францад үеэл ах лорд Линлигийн шилтгээнд амарч байх үедээ папарацдуулсан байжээ.

Тухайн үедээ үүнээс үүдэн британичууд дургүйцлээ илэрхийлж байжээ. Хатан хааны гэр бүл ч эгдүүцэн шүүхэд гомдол гаргасан юм. Хүний хувийн амьдралд халдсан хэргээр зургаан хүн шүүхэд татагдсан нь “Closer”, “La Provence” сонины эрхлэн гаргагч, редактор, гэрэл зурагчид юм.

Сонины газрууд энэ гэрэл зураг нь тийм ч сүртэй зүйл биш, хунтайжийн гэр бүлийг харин ч эерэг талаас нь харуулсан хэмээн өөрсдийгөө өмгөөлжээ.

Хатан хааны гэр бүлийг төлөөлж байгаа өмгөөлөгчийн хэлж байгаагаар энэ зургийг хунтайж Уильям хүндээр хүлээж авсан байна. Учир нь, Уильямын ээж гүнж Диана папарац гэрэл зурагчдад хөөгдөж яваад авто машины ослоор өөд болсон билээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж