АН-ын сунгаанд нэр дэвшигчид юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2017.05.02-нд нийтлэгдсэн

АН-ын сунгаанд нэр дэвшигчид юу хэлэв?

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ маргааш дотооддоо тодруулах болсноор өнөөдөр 10.00-13.00 цагийн хооронд багтаж, зургаан гишүүн бүртгүүллээ.  

Нам доторх сунгаанд УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан нар өрсөлдөх болж байна.

Анх 10 гаруй гишүүний нэр дуулдаж байсантай харьцуулахад өрсөлдөгчдийн тоо хоёр дахин буурлаа.

Ингэхдээ нэр дэвшихээ албан ёсоор зарлаж байсан нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар сунгаанд орж ирсэнгүй.

Иймээс Ардчилсан намын 180 мянга орчим гишүүн дээрх зургаан нэр дэвшигчдээс сонголтоо хийх болж байгаа юм.

Нэр дэвшигчид Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон шалтгаанаа хэрхэн тайлбарласныг одоо хүргэе.


Л.БОЛД:

-Миний бие 1990 оны Ардчилсан хувьсгалын их түрлэгт оюутан залуусынхаа хамт нэгдэн орж улмаар Монголын Ардчилсан Намыг байгуулалцсан үеэсээ хойш өнөөг хүртэл ардчиллын үзэл санаа, Ардчилсан намын үйл хэрэгт үнэнчээр зүтгэж ирсэн билээ.

Иймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад оролцохоор олон мянган гишүүд дэмжигчид, анд нөхдийнхөө итгэлийг өвөрлөн бүртгүүллээ.

Би Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааг тээгч Батлан хамгаалах, Гадаад харилцааны салбаруудад Ардчилсан намын бодлогоор томилогдон ажиллаж үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн төрийн хэрэгт бэлтгэгдсэний хувьд Монгол нутгийнхаа эрх чөлөөт тавиланг ажиллаж, сурч, бүтээх боломж болгон ашиглаж, монгол залуус уураг тархи, ухаан бодол, сэтгэлгээгээрээ дэлхийд тэргүүлж, шинэ технологи мэдлэгийг бий болгох үндэс суурийг тавьж, ашигт малтмал мал аж ахуйн орноос оюунлаг, мэдлэгжсэн Монгол болон хувирах баттай эхлэл, үзэл номлол, хандлагыг бий болгон  Монголоо байх ёстой өндөрлөгт нь хүргэхийн төлөө өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан энэхүү шийдвэрийг гаргалаа.


Р.АМАРЖАРГАЛ:

-Монголын өнөөгийн хямралт нөхцөл байдал нь олон учир шалтгаантай ч нэг зүйлийг онцлон хэлье. Монголд байгаа намуудын учир утгагүй тэмцэл сөргөлдөөн хариуцлагагүй улс төр  нь муу муухай бүхний үүр уурхай болж байна. Тухайлбал, хариуцлагагүй улс төрөөс болж,

  • Эрх ашгийн эрэмбэ алдагдаж,улсынхаа жинхэнэ эзэн болсон ард түмний эрх хязгаарлагдаж байна.

  • Улс орон нам даган хагарч, монгол хүн улс төрийн сонголтынхоо төлөө хохирч байна.

  • Шударга ёсны үнэ цэнэ, үнэт зүйл алга болж мартагдахад хүрч байна.

  • Баялгийн тэгш хуваарилалт алдагдаж баян хоосны ялгаа нэмэгдэж байна.

  • Эдийн засгийн боломжоо алдаж, гадаадын хөрөнгө оруулалт бүдгэрч эх орноо хямралын тавцанд зогсоож ард түмнээ туйлдуулж байна.

  • Иргэдийн итгэл гундаж, хүн болгон улс төрөөс залхаж, үзэн ядалт ихсэж байна.

  • Монгол Улс олигархи засаглалын гарт орж байна.

Эдгээр нь Монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Энэ бол миний Ардчилсан нам дотроо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад оролцох шийдвэрийн үндэс болж байгаа юм.


Х.БАТТУЛГА:

-Ардчилсан нам бол том нам. Дотоод дүрмийн дагуу ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ сунгаагаар зарлаж байгаа. Энэхүү сунгаанд оролцох гэж өөрийн өргөдлийг гаргасан. Дэмжлэг сайн авах байх гэсэн бодолтой байна.

УИХ-д гурван удаа сонгогдсон, Засгийн газарт хоёр удаа орж ажилласан зэрэг туршлагатай. Хөгжлийн томоохон бодлогуудыг судалж,  хөндөж тавьж байсан учраас надад давуу тал байгаа.


Н.АЛТАНХУЯГ:

-Би нэр дэвших болсон шалтгаанаа зургаан сарын өмнөөс тайлбарласан.  Хамгийн гол нь Монгол Улс улс шиг улс болж, ард түмэн маань хүн шиг амьдрах хэрэгтэй байна. 2012 онд Ардчилсан намын дэвшүүлсэн зорилт хараахан хэрэгжиж чадаагүй, тасарсан. Тиймээс хүн шиг амьдарч, улс шиг хөгжихийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг оролцоо чухал. Тиймээс энэ бүхэнд одоогийн Ерөнхийлөгчийн сонгууль маш чухал үүрэгтэй. Харамсалтай нь түүний дагуу явах нь уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна.


Д.ДОРЛИГЖАВ:

-Дэвшиж байгаа шалтгаан бол улс төрч хүний хувьд, энэ намыг байгуулалцаж явсан хүний хувьд, энэ намыг удирдаж явсан анхны даргын хувьд өнөөдрийн цаг үед Ардчилсан намаа төлөөлж,  Монгол Улсын төрийн тэргүүнд өрсөлдөж, цаашдаа өөрийн дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлнэ.

Энэ цаг үед миний хийх зүйл хэрэгтэй байна гэж дотроо дүгнэсэн. Тэрнийхээ дагуу шийдвэрээ гаргалаа.


Б.ЖАРГАЛСАЙХАН:

-Өнөөдөр нийгмийн амьдралд гол үгүйлэгдэж байгаа юм нь хариуцлага, шударга ёс. Үнэхээр маш олон төрийн албан хаагчид зөвхөн төрөөс цалин авдаг мөртөө асар их хэмжээний мөнгийг оффшор дансанд аваачаад хийчихсэн байх жишээтэй. Сүүлийн 20 жилд төрийн албан хаагчид асар их эрүүгийн гэмт хэрэгт өртөж байгаа. Энэ асуудлыг таслан зогсоохгүй бол Монгол Улс нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий хямралд унахаар байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд чөтгөртэй ч хамаагүй нийлж өрсөлдөх ажлыг сонгож явна. 

Г.ХОРОЛ

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж