Жил бүр 5-р сарын 9-нд Аугаа эх орны дайны ялалтын баярын өдөр тохиодог. Уламжлал болгон тэмдэглэдэг уг баярыг угтсан үйл ажиллагааг зохион байгуулахаар Орхон аймгийн ЗДТГ-ын Цэрийн штаб, ОХУ-аас Орхон аймагт суугаа Ерөнхий консулын газар, "Эрдэнэт үйлдвэр" ХХК хамтран ажиллаж байна. Уг баярыг тэмдэглэхдээ улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амгалан тайван байдлын төлөө Монголын ард түмэн, ахмад үеийнхэн хэрхэн амь бие хайргүй тэмцэж ирсэн, үүнд ЗХУ ямар тус хүргэж байсныг өнөө үеийнхэнд ойлгуулахыг зорьдог. Түүнчлэн залуу үед эх оронч үзлийг төлөвшүүлж, дайнд оролцож явсан ахмад дайчдынхаа гавьяа дурсгалыг мөнхжүүлэхэд чиглэдэг юм.
Үүний хүрээнд энэ сарын 2-нд “Эрдэнэт арт галерей”-д Аугаа эх орны дайны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Түүнээс гадна энэ сарын 4-нд Орос дуу, бүжгийн тэмцээний эцсийн шалгаруулалт, ЕБС-ийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн Хүүхдийн ордонд гарна. Мөн 5-р сарын 7-нд “Хангарьд” спорт ордонд усан сэлэлт, шатар, ширээний теннисний тэмцээн явагдах бөгөөд Биеийн тамир спорт хорооны “Б” зааланд буудлагын тэмцээн болох аж. Тэгвэл 5-р сарын 9-нд "Ялалтын баярын баганат хөшөө", “Найрамдлын өндөрлөг”, “Жанжнуудын хөшөө” зэрэгт цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулна. Тухайн өдөр “Найрамдал” өндөрлөгөөс А.Амарын талбай хүртэл “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал болж, Уурхайчин соёлын ордонд баярын хурал, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдах юм.
ЭХ СУРВАЛЖ: WWW.ERDENET.MN