Уулчид Сутай хайрханд цуглав

Хуучирсан мэдээ: 2017.05.02-нд нийтлэгдсэн

Уулчид Сутай хайрханд цуглав

-Сутай хайрханд Монголын уулчид анх авирсны түүхт 60 жилийн ойд зориулсан дугуй ширээний ярилцлага Тонхилд зохиогдлоо-

Өдгөөгөөс 60 жилийн тэртээ Говь-Алтай аймгийн уулчин залуучууд Дэлхийн залуучууд, оюутны VII их наадмыг угтаж Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт орших Сутай хайрханы оргилд (4130 м) анх удаа гарсан юм.

БНМАУ-ын уулын спортын ууган мастер, Тонхил сумын харьяат Я.Жанцан энэхүү авиралтын багийг удирдсан билээ. Авиралтад Говь-Алтай аймгийн харьяат эмэгтэй уулчин Долзод, I зэргийн тамирчин Цэрэндаш нарын есөн уулчид оролцсон. Түүхт ойг тохиолдуулан Монголын уулчид Төрийн тахилгат Сутай хайрханд анхлан авиралт хийсний түүхт 60 жилийн ойд зориулж Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубээс дугуй ширээний ярилцлагыг 2017 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Тонхил суманд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд "Сутай бор" клубын гишүүд, гурван үеийн уулчид, сум орон нутгийн удирдлагууд, өсвөрийн тамирчид, багш, сурагчид, сумын иргэд өргөнөөр оролцов.

Говь-Алтай аймгийн За­саг дарга С.Гансэлэм Дугуй ширээний ярилцлагад оролцогчдод мэндчилгээ ирүүлснийг Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж уншиж танилцуулав. Мөн түүнчлэн дараах хүмүүсээс мэндчилгээ ирүүлжээ. Үүнд:

-Монголын Уулчдын үндэс­ний холбооны ерөнхийлөгч Б.Тулга, "Сутайн бор" клубын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын гимнастикийн холбооны тэр­гүүн дэд ерөнхийлөгч, Уулын спортын ууган мастер Я.Жанцан агсны том охин Ж.Туяа, “Сутайн бор” клуб, Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор А.Батсүх, Монгол Улсын уулын спортын мастер, ахмад уулчин С.Галсан, Монгол Улсын уулын спортын мастер, ахмад уулчин Ш.Галсандорж, Монгол Улсын Ардын эмч, ахмад уулчин П.Шижээ, Монгол Улсын спортын мастер Х.Пүрэв, ахмад настан Д.Мөнхцэцэг нар Тонхил сумын уулын спорт, Сутай клубын амжилт үйл ажиллагаа, түүхэн он жилүүд дэх уулын авиралтууд, онцлох үйл явдлын талаар сонирхолтой, дурсамжтай түүх өгүүлж, залуу хойч үедээ үнэтэй туршлагаасаа хуваалцлаа. Мөн Монгол Улсын уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубын Ерөнхий захирал Х.Нямдоо, Тонхил сумын сургуулийн захирал Д.Ганчулуун, сумын За­саг даргын тамгын газрын ажил­­тан Б.Пүрэвжав нар үг хэлж, санал бодлоо хуваалц­лаа. Тус арга хэмжээний үеэр ойд зориулж хэвлэгдэн гарсан "Сутайн бор-III" номын нээлт боллоо. Шинэ номын дээжийг клубын үе үеийн тамирчид болон сумын сургууль, сумын номын санд бэлэглэв. Мөн шинээр бүтээсэн "Уулчин аав минь" дууг сонордуулсан юм.

Монгол Улсын уулын спортын мастер, ахмад уул­чин Ш.Галсандоржийг айм­гийн Засаг даргын Жуух бичгээр, Монгол Улсын уулын спортын мастер, “Сутайн бор” клубын Гүйцэтгэх захирал Г.Чимэд-Очирыг Монголын залуу­чуудын холбооны "Тамирчны алдар" алтан медалиар шагнасныг тус тус гардуулав.

“Миний хайртай Сутай хайрхан” сэдэвт шүлэг, зохион бичлэг, уран зургийн уралдааныг Тонхил сумын цэцэрлэг,сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж шилдгүүдээ тодруулан шагнал гардуулав.

Шүлгийн уралдаанд:

  • I байр Б.Баасандорж, (12А ангийн сурагч)

  • II байр А.Дашням, (8А ангийн сурагч)

  • III байр Р.Гантулга,(7А ангийн сурагч)

Зохион бичлэгийн уралдаанд:

  • I байр М.Хандсүрэн, (12А ангийн сурагч)

  • II байр С.Болор-Эрдэнэ, (12А ангийн сурагч)

  • III байр Б.Алим, (8А ангийн сурагч)

Уран зургийн хуралдааны Цэцэрлэгийн насны ангилалд

  • I байр Б.Ананд, (ахлах бүлэг)

  • II байр Д.Хулан, (бэлтгэл бүлэг)

  • III байр С.Энхбат, (ахлах бүлэг)

Бага ангийн сурагчдын ангилалд

  • I байр Д.Сугарзаан, (5А ангийн сурагч)

  • II байр Ж.Буянзаяа, (4Б ангийн сурагч)

  • III байр Б.Өсөхбаяр, (4А ангийн сурагч)

Дунд ангийн сурагчдын ангилалд

  • I байр Г.Ундармаа, (7Б ангийн сурагч)

  • II байр Д.Соёлоо, (12А ангийн сурагч)

  • III байр Б.Чүлтэм, (8А ангийн сурагч)

Шалгарсан шүлэг, зохион бичлэгээ сурагчид дугуй ширээний ярилцлагад оролцогчдод уншиж танилцуулав. Уран зургийн уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн зохион байгуулав.

Сутай хайрханд анхлан авиралт хийсний түүхт 60 жилийн ойд зориулж зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагыг Говь-Алтай айм­гийн "Миний нутаг" телевиз газар дээрээс нь сурвалжиллаа.

Дугуй ширээний ярилцлагыг амжилттай зохион бай­гуулахад Говь-Алтай айм­­гийн Засаг дарга С.Ган­сэлэм, Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж, сумын Иргэдийн Төлөөлөгч­дийн хурлын дарга Ц.Өнөрмаа, сургуулийн захирал Д.Ганчулуун, сургуулийн багш, сурагчид болон сумын нийт иргэд дэмжлэг туслалцаа үзүүлж идэвхтэй оролцлоо.

Монгол Улсад уулын ор­гилд анхлан гарсан түүхт ойг анх удаа ийнхүү өргөн хүрээнд амжилттай зохион байгуулсан нь уулын спортын түүхт ойг төв бөгөөд орон нутагт уламжлал болгон зохион явуулж байх сайхан эхлэл болсон нь чухал ач холбогдолтой юм.

Б.ПҮРЭВЖАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж