Долоо дахь удаагаа явагдаж буй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, удирдагч болох хүсэлтэй улстөрч гарын арван хуруунаас хэдийнэ давжээ. Гол өрсөлдөөн парламентад суудалтай гурван намын дунд болох бөгөөд нэр дэвшигчээ тодруулах намуудын сунгаа, гол сунгаанаасаа илүү ширүүн болох шинжтэй.
Гэхдээ Монголын тав дахь Ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон засаглалын хямрал цаашдаа үргэлжилнэ гэдгийг баримт, нотолгоотойгоор ярих хүмүүс өдрөөс өдөрт олширч байна. Өмнө нь, “Фортуна” Н.Батбаяр энэ сэдвийг хөндөж, хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан биш олон нийтийн сүлжээнд багагүй баалуулаад өнгөрсөн. Уг нь ярьж байгаа асуудал нь хүндээ ч тоондоо ч биш тогтолцоондоо гэдгийг манайхан тоож хэлэлцээгүй юм.
МАН сонгуулийн эрхэнд гарсны дараа Ардчилсан намын нэртэй, данстай болгоныг халав. Өнөөдөр л өрөөлийн толгой дээрх хялгасыг хараад, шүүмжлээд байгаа болохоос өмнөх дөрвөн жил Ардчилсан намынхан ч Ардын намын “хаягтай” болгоныг халж, хөөж байснаа санах хэрэгтэй. Хүн юу тарина түүнийгээ хурааж авдаг гэсэн үг байдаг. Төрийн албаны халаа сэлгээ, завхрал бол бичигдээгүй л болохоос Монголын төрд хууль болтлоо мөрдөгдөж байгаа “журам”. Үүнийг засах ганцхан арга нь Үндсэн хуулийн өөрчлөлт болсон.
Бүтэн найман сарын турш Улаанбаатар, Вашингтоны хооронд гүйж, гуйсны эцэст сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө ухран байж, төсвийн тодотголоор долоон төрлийн татвар нэмсэн эрх баригчид өнөөдөр тун чиг нам түвэгтэй бөгөөд эвгүй байдал ороод буй. Шалтгаан нь Вашигтоноос ирсэн захидалд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөс Монголын хүсэлтийг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан талаар дурдсанд байв. ОУВС-гийн зөвлөлд Оюутолгойн төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”-гоос гомдол ирсэн нь Монголын Засгийн газрын хүсэлтийг хойшлуулахад нөлөөлжээ. Ингэснээр Монголын Засгийн газар хаанаас мөнгө олох, МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа яаж босгох нь тодорхойгүй боллоо гэхэд хүн гүтгэсэн хэрэгт орохгүй биз.
Гэвч, үүнд ОУВС-г буруутгах нь утгагүй. Учир нь ОУВС-гийн дэмжлэгийг монголчууд дөрөв дэхээ хүртэхээр тусламж гуйна байна гэдэг бидний сонгосон зам болохгүй байна гэсэн үг.
Хэрэвзээ Монгол Улсын бодлого нэгдмэл, хууль эрх зүйн орчин тогтвортой, ядаж л төрийн институциуд нь хоорондоо эвтэй байсан бол ийм ичгэвтэр байдалд орохгүй байх боломж анхнаасаа байсан. Ардчилсан намын засаглалын үед Тавантолгой төслийг эргэлтэд оруулж, "Гацуурт"-ын ордыг ашиглаад эхэлсэн бол дор хаяж тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр байжээ. Зөвхөн "Гацуурт"-ын алтыг олборлосноор улсын төсөвт 660 тэрбум төгрөг төвлөрөх тооцооллыг Ч.Сайханбилэгийн засаг гаргасан байдаг. Тэгвэл Тавантолгойн хөрөнгө оруулалтын хүрээнд жилдээ нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирэх тооцоог М.Энхсайхан сайд байхдаа хийж байсан юм.
Эдгээр төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах яриа хөндөгдөх бүрт эрх ашгаараа хөндөлсдөг улстөрч цөөнгүй. Хэрэвзээ Ерөнхий сайдад илүү эрх мэдэл олгогдсон бол Тавантолгойн төсөл арван жилийн хэрүүл болохгүй байсан нь лавтай. Өнгөрсөн өвөл Тавантолгойг хөдөлгөх гэсэн биш Ц.Дашдорж сандлаа алдахад хүрсэн гэдэг.
Засгийн газрын байгуулсан концессын гэрээний асуудал өнөөдөр олонхийн бүлгийн зөрчлийг хурцатгах болсон. Угаасаа ч эрх мэдэлд хүрсэн нам дотор хагарал, тэмцэл явагддаг нь анхны тохиолдол биш л дээ. Ийм зөрчилдөөнийг Ерөнхий сайд болгон туулсан байдаг. Үүний уршгаар 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар сольжээ. М.Энхболд өнөөдөртөө Засгийн газраа бүхий л боломжоор дэмжиж буй ч энэ нь хэр удаан үргэлжлэхийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан түүнийг Ерөнхийлөгчийг сонгуульд сойсны дараах улстөрд МАН хэдийнэ бэлтгээд эхэлсэн нь худлаа биш. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа засаглалын хямрал дахиад гарах вий гэсэн болгоомжлол улс төрд бий болоод удаж буй юм.
Зургадугаар сарын 26-нд монголчууд тав дахь төрийн тэргүүнээ сонгох ч удирдагчаа сонгож буй үйлдэл бишээ гэдгийг улстөрчид өөрсдөө ч хэлэх болсон билээ. Тиймээс монголчууд ухаантай төр, ухаалаг удирдагчийнхаа эрэлд гарсан.
Өнгөрөгч Бямба, Ням гаригт УИХ-аас баталсан тогтоолын дагуу Төрийн ордонд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулав. 27 жил хэрэглэж ирсэн, анхны ардчилсан Үндсэн хуулийг өөрчлөх үйл явцын өмнөтгөл болгож, хоёр өдрийн турш хаалттай явагдсан Зөвлөлдөх санал асуулгад улстөрчид, улс төр судлаачдаас бусад хүмүүс төдийлөн ач холбогдол өгч, анхаарал хандуулсангүй.
Сэдэв болгоныг өлгөж аваад, өгөөш болгон хэрэлддэг нийгмийн сүлжээнийхэн ч төр, ард түмний хоорондын зөвшилцлийн баримт бичгийг өөрчлөх нэн чухал арга хэмжээг анхаарч үзээгүйг бодоход Ерөнхийлөгчийн сунгаанд хэн хаанаас нэр дэвших вэ гэсэн хэрүүл илүү чухал байсантай ч холбоотой биз. Гэвч, ямар ч байсан өмнөх парламентуудаас өвлөгдөж ирсэн гэрийн даалгавраа биелүүлэхээр МАН анхны бодит оролдлого хийлээ гэж хэлж болно.
Монгол Улсад өнөөдөр 24 орчим нам Улсын дээд шүүхэд бүртгүүлснээс засаглалын эрхийг МАН, АН гэсэн хоёрхон нам л ээлжилж барьсаар ирсэн.
Гэвч анхны ардчилсан Үндсэн хуулийг мөрдөж эхэлсэн өнгөрсөн хугацаанд дөрвөн Ерөнхийлөгч, есөн спикер, 15 Ерөнхий сайдыг сольсон ч, Монгол Улсад удирдагч байсангүй гэж улстөрчид ч, улс төрийн намууд ч өөрсдөө хүлээн зөвшөөрөх болсон.
Гэвч, харамсалтай нь, удирдагчийн эрэлд мордсон монголчууд лидерээ хэрхэн “олох” вэ гэдэг улс төрийн хүрээний бас нэгэн хэрүүлийн том сэдэв болжээ. Гэтэл яг үнэндээ ямар хүнээр төрөө мануулахаас илүү ямар институциар ажлаа хийлгэх вэ гэдэг засаглалын хямралд нэрвэгдсэн Монголын "зовлонгоос" ангижрах ганц гарц нь болчихоод байна.