Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (OPEC) олборлолтоо бууруулах замаар үнэ өсгөх бодлого баримталж байгаа ч нефтийн ханш дэлхийн зах зээл дээр даваа гаригт (V.1) баррель нь 52 ам.долларт хүрч буурлаа. OPEC нь нефть олборлолтоо ирэх зургадугаар сарыг хүртэлх хугацаанд өдөрт ойролцоогоор 1.8 сая баррелиар танах шийдвэр гаргасан билээ. Тус байгууллага энэ тавдугаар сарын 25-нд гишүүн бус нефть экспортлогч орнуудтай хамтарсан уулзалт хийж олборлолтоо үргэлжлүүлэн танах эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Газрын тосны ханш зах зээл дээр нийлүүлэлттэй шууд хамааралтай байгаа нь АНУ болон Ливи улсууд олборлолтоо нэмэгдүүлмэгц нефтийн ханш унаснаас харж болно. АНУ нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-аас хойш шинээр есөн нефтийн цооног өрөмдөж, нийт 697 газарт олборлолт явуулах болжээ. Энэ тавдугаар сарын эхэн гэхэд АНУ-ын газрын тосны олборлолтын хэмжээ 2015 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрснийг засгийн газрын статистик мэдээлэл харуулж байна. Харин Ливи улс өдөрт 700 мянган баррельд хүргэж олборлолтоо нэмэгдүүлжээ. Түүнчлэн Хятадын бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард таамаглаж байснаас хурдацтай буурсан нь нефтийн ханшид нөлөөлсөн байна.
Дэлхийн зах зээл дээр брент нефтийн үнэ өнгөрсөн долдугаар сард баррель нь 51.72 ам.доллар байхад АНУ-ын олборлосон занарын газрын тосны үнэ 49.06 ам.доллар байжээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн сүүлийн сарын мэдээгээр газрын тосны орд аж үйлдвэржсэн орнуудад 336 сая баррель байгаа нь таван жилийн дунджаас дээгүүр үзүүлэлт аж.
Б.ТУЯА