Д.Хаянхярваа: УИХ-ын тогтоол Тогтвортой байдлын гэрээтэй зөрчилдсөн

Хуучирсан мэдээ: 2017.05.02-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: УИХ-ын тогтоол Тогтвортой байдлын гэрээтэй зөрчилдсөн

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Олон улсын валютын сан/ОУВС/-гаас ирүүлсэн албан бичгийг хэлэлцэж, шийдлээ гаргана. Өчигдөр бүлэг эл асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч оройтсон учраас шийдвэрээ гаргаж чадаагүй юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодрууллаа.

-ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монгол Улсыг санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Ямар шалтгаанаар хойшлуулсан юм бол?  

-ОУВС-гаас бидэнд албан захиа ирүүлсэн. Хөрөнгө оруулагчдын гадаад валютын гүйлгээнд тавьж буй шинэ шаардлага болон энэ нь хөтөлбөрийн макро тооцоололд үзүүлэх нөлөөллийн талаар илүү сайн ойлголт авах зорилгоор хойшлууллаа гэсэн.

УИХ-аас 2017 оны төсвийн тодотголыг дагаж тогтоол баталсан. УИХ-ын 29 дүгээр тогтоолд гадны компаниуд Монголын банк санхүүгийн байгууллагаар гүйлгээгээ дамжуулж байх тухай нөхцөлтэй заалт оруулсан. Энийг эргэж нягтлах шаардлагатай гэсэн. Тийм учраас эргэж энэ тухай ОУВС-тай ярилцана. Шаардлагатай гэж үзвэл энэ асуудлыг дахин хэлэлцэж шийдвэр гаргана гэсэн байр суурьтай байна.

Ер нь бол Тогтвортой байдлын гэрээнд Оюутолгой өөрийнхөө хөрөнгийг зээл авсан банкныхаа салбараар дамжуулаад явах нөхцөлтэй. Тэрүүгээр Оюутолгойн хувьд нөхцөл нь бүрэн хэрэгжээд явах боломжтой.

ОУВС-гийн зүгээс үзэж байгаа юм бол Монголын банк санхүүгийн систем их хэмжээний гүйлгээг дамжуулаад явуулах боломж нь ямар байна вэ гэдгийг тодруулах ёстой гэсэн санаа байна гэж ойлгосон.

Нэгэнт ОУВС-тай хөтөлбөрт орно гээд тохиролцоод явж байгаагийн хувьд ОУВС-д орох нөхцөлүүдээ хангах ёстой гэдэг дээр бүлэг 100 хувь санал нэгдэж байгаа.

-УИХ-ын 29 дүгээр тогтоолыг цуцална гэсэн үг үү?

-Бид ярилцаж байна. Маргаашнаас/өнөөдөр/ шийдэл нэг талдаа гарна.

-УИХ-ын тогтоолыг батлахдаа Монголын арилжааны банкууд их хэмжээний гүйлгээг хийх боломж нөхцөл хангагдсан гэж үзсэн юм уу?

-“Рио Тинто”-гийн зүгээс Тогтвортой байдлын гэрээнд зааснаа зөрчсөн гэж үзэж байгаа. Тогтвортой байдлын гэрээ, сая УИХ-аас баталсан тогтоол хоёр зөрчилдөж байгаа юм.

Гэхдээ бид ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар энэ долоо хоногтоо багтаан шийдвэрээ гаргана. Яагаад гэвэл манай санхүү эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа учраас зарчмын асуудлаа тохирсон атлаа тодорхой жижиг асуудал дээр удаан хугацаагаар ОУВС дээр үл ойлголцолтой явахгүй байх ёстой гэж үзсэн.

-Ардчилсан намын зүгээс мэдээлэл хийхдээ Засгийн газар сайд нартай холбоотой компанид концессын ажлыг хуваарилсан гэдэг асуудлыг хөндөж тавьж байгаа. Танай намын зарим гишүүн ч мөн ийм мэдэгдэл хийсэн. Харин одоо танай бүлэг “Шинэ Засгийн газар 10 концессын гэрээ байгуулснаас ес нь өмнөх Засгийн газрын үед хамаарна. Нэг концесс л шинэ Засгийн газарт хамааралтай юм байна” гэх зөрүүтэй мэдээлэл яваад байна, аль нь үнэн юм бэ. Засгийн газрын сайд нар концесст нэр холбогдчихоод байгаа нь үнэн үү?

-Улс төр явж байна. Концесст өөрсдийн компаниудаа оруулчихлаа гэдэг хардалт сэрдэлт бүлэг дотор ч явсан. Тийм учраас  бүлгээс ажлын хэсэг байгуулаад ажиллалаа. Ажлын хэсэг концессын гэрээнд шалгалт хийгээд ялгаж, салгах юм байна гэсэн.

Жишээлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын “Алтай трест” компани концесс авсан гэдэг юм яригдсан. Энэ талаар нь тайлбар сонсоход “2014 онд “Алтай трейст”-ийн хувьцааг зарж, холбогдолгүй болсон. Гэсэн ч миний нэр салахгүй явж байгаа” гэдэг тайлбарыг бүлгийн гишүүдэд өгсөн. Концессын гэрээ нь 2013 онд байгуулагдсан байдаг юм байна.

Н.Номтойбаяр сайд “МАК”-ийн холбогдолтой концессын гэрээнд тайлбар хийсэн. 2010 оноос хойш явж байсан гэрээ хэлцлүүд явсаар энэ гэрээг хийсэн гэсэн.

Бүлгээс “Цаашдаа Засгийн газрын сайд нартай холбогдолтой компаниуд концесс, тендертэй зууралдахгүй байх ёстой гэдэг шаардлага тавьж, Засгийн газар энэ бүх зүйл дээрээ анхаарна” гэлээ.

-Засгийн газар нийт хэдэн концессын ажил хийхээр гэрээ байгуулсан юм бэ. Долоо, ес гээд янз бүрийн тоо яваад байна?

-Нийт 10 ажлыг концессын гэрээгээр хийхээр болсон. Үүнээс нэг нь, шинэ Засгийн газрын байгуулсан гэрээ, бусад нь өмнөх Засгийн газрын үед хамаарна. 

Гэхдээ шинэ Засгийн газар концессын нөхцөлийг өмнөхөөс нь илүү сайжруулсан. Тухайлбал, Сонгино сум, Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай зам, Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын Шар тээгийн уулзвараас Цогтцэций сум хүртэлх 59.6 км хатуу хучилттай зам, Дашинчилэн, Орхон гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн, Тариалан чиглэлийн авто замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай зам, Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын төсөл, Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар, Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замын төслийн эргэн төлөх хугацаа нь 2017-2020 он байсныг 2020 оноос хойш болгож, нөхцөлийг сайжруулсан. Үүний зэрэгцээ төсөвт өртгийг нь бууруулж, шинэчлэн засаж залруулсан юм байна.

Тийм учраас бүлгээс Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн. Концессын хуулиа нэн яаралтай шинэчлэн батлуул. Хуулиа өөрчлөхгүй бол болохгүй зүйлүүд байна гэж.

Барих шилжүүлэх концессыг хориглох ёстой гэдэг байр суурийг барьж байгаа. Ийм учраас энэ нөхцөлөөр концессын гэрээ байгуулахгүй байх ёстой гэдэг чиглэл өглөө.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахтай холбоотойгоор өмнө хийгдсэн 11.1 их наяд төгрөгийн концесст аудит хийгээд, аудитлагдсан дүнгээр хэдэн оноос яаж санхүүжүүлэх вэ гэдгээ шийдэх ёстой. Ингэхийн тулд өмнө хийгдсэн концессын гэрээг дахин нягтлах ёстой гэж зарчмын хувд тохиролцсон.

Ийм учраас Засгийн газар гэрээ байгуулсан концессоос алийг нь энэ онд үргэлжлүүлэх, алийг нь цуцлах вэ гэдгээ чамбайруулж оруулж ирэх болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж