Эверестээс илүү эрсдэлтэй, аюултайд тооцогддог К2 уулыг зорих уулчин Г.Өсөхбаярын авиралтын хугацаа товлогджээ. Тэрбээр зургадугаар сарын 16-нд К2-ыг зорихоор болсон байна. Чухал авиралтын өмнөх үндсэн бэлтгэлээ Европ тивийн ноён оргил Элбруст хийхээр энэ сарын 12-нд явна.
Тэрбээр энэ оны хоёрдугаар сард Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад авирч, өндрийн бэлтгэл хийж байсан.
Пакистаны Каракарум нуруунд орших К2 оргилыг уулчид “Алуурчин” уул гэдэг. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог.
Дэлхийн ноён оргил Эверест /8850м/-ээс даруй 239 метрээр бага ч уулчдын хувьд К2-т авирах нь Эверестэд авирахаас хэд дахин илүү эрсдэлтэй.
Олон шилдэг уулчдыг гэрт нь буцаагаагүй догшин ууланд зарим жилүүдэд нэг ч хүн оргилд нь гарч чадаагүй тохиолдол бий.
Эверестэд авирсан уулчдын 5 хувь нь осолдож, амь насаа алддаг гэсэн жилийн дундаж үзүүлэлт байдаг бол K2 оргилыг зорьсон уулчдын 25 хувьд нь энэ харамсалтай зүйл тохиолддог гэх. Дөрвөн уулчин тутмын нэг нь тэндээ төгсдөг гэхээр ямар бэрх даваа болох нь харагдана. Эверестийн оргилыг эзэлсэн уулчдын тоо 5600 хол давсан бол К2-ын оргилд тугаа мандуулсан уулчин ердөө 306.
Хэдий олон аймшигт түүх, хүн байгалийн тэмцлийн гэрч болж ирсэн ч сүр хүчит К2 бол мэргэжлийн уулчдын мөрөөдлийн оргил юм.
Эверестийн оргилд гарч, жинхэнэ уулчдын эрэмбэд хүрсэн ямар ч уулчин К2-ыг зүүдэлж эхэлдэг “бичигдээгүй хууль” уулчдын дунд бий.
К2 өндрөөрөө Эверестийн дараа бичигдэх ч оргилд хүрэх замын бартаа, саад хамаагүй хүнд.
Уулчин Г.Өсөхбаяр К2-ыг зорьж буй Монголын хоёр дахь уулчин болно. Өмнө нь 2013 оны долдугаар сард Гавьяат тамирчин Б.Гангаамаа К2-ыг зорьсон ч түүний багийнхан 7000 метрийн өндөрт хүрээд, авиралтаа зогсоосон юм. Б.Гангаамааг К2-ыг зорих үед тэдний багийнхан тухайн жилд оргил руу дайралт хийсэн 14 дэх экспедици болж очсон ч өмнөх 13 багийн адил байгалийн давагдашгүй бэрхшээлд бууж өгөөд, буцахаас өөр арга байгаагүй гэдэг.
K2 ууланд өвөл авиралт хийсэн тохиолдол маш цөөн. Бараг боломжгүй юм. Гэхдээ 1988-2012 оны хооронд Польш, Канад, Британи, Орос, Узбекистан, Казахстан, Гүрж уулчдын хамтарсан баг гурван удаа авирч, 7200 метр хүртэл олс тавьж байжээ.
K2 ууланд авирах анхны оролдлогыг 1902 онд Их Британийн уулчин Алейстер Краули, Оскар Экенстейн нар хийсэн байдаг. Тэд 68 өдөр буюу хоёр сар гаруйн хугацаанд таван удаагийн дайралт хийж, 6525 метрт хүртэл очиж чаджээ. Уулчдын туулсан 68 хоногт зөвхөн найман өдөр нь л тэнгэр цэлмэг байсан аж.
К2-ын оргилд хүрсэн анхны хүмүүс Италийн уулчин Ачиле Компаньони, Лино Лачеделли нар юм. Тэд 1954 оны долдугаар сарын 31-нд “алуурчин” уулыг анх удаа ялжээ. Гэвч тэдний авиралтаас хойш К2 бүхэл бүтэн 23 жил оргилдоо дахин хүн хүргээгүй юм.
Олон уулчдын зориг зүрх мохмоор он жилүүдийн дараа 1977 онд Японы уулчин Ичиро Ёшизава К2-ыг эзэлсэн. “Алуурчин” оргилд хоёр дахь авиралтаа амжилттай дуусгасан анхны уулчин Чехийн Жозеф Раконкай. Түүний хоёр дахь авиралт 1986 оны долдугаар сард тохиосон юм. К2-ын оргилд хүрсэн хамгийн өндөр настай уулчин Испанийн иргэн Карлос Сория Фонтн. Тэрээр 2004 онд 65 насандаа догшин уулын оргилд мөрөө үлдээж байжээ.
Энэчлэн К2 цөөхөн уулчдыг тэргүүндээ хүргэсэн догшин, хатуу, харгис уул. Тийм ч болохоор оргилыг “алуурчин уул” хэмээн нэрлэдэг.
Эверестэд гарсан уулчин мундаг. К2-ын оргилыг эзэлсэн бол бүр илүү мундаг. Уулчид ингэж зиндаагаа тодорхойлдог.
С.ЦЭЛМЭГ